Монголын эрх чөлөө холбооны намын Мэдээ мэдээлэл

Улаанбаатар хот дахь БНХАУ-ын элчин сайдын яаманд
Монгол улсын иргэн Соёлтын талаар
2008.3.1(SMHRIC)

    Миний нөхөр Жаранбаяр овогтой Соёлт 1960.01.03-нд Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн зүүн Үзэмчин хошуунд төрсөн. 1983 онд Өвөр Монголын их сургууль төгсөөд Өвөр Монголын “Өдрийн сонин”-д сэтгүүлчээр ажиллаж байсан. 1991 онд Монгол улсад урилгаар ирж суурьшин улмаар БНХАУ-ын иргэний харъяатаас зохих хууль журмын дагуу гарч, “Монгол улсын иргэн болох тухай” Монгол улсын ерөнхийлөгчийн 1997 оны 6-р сарын 2-ны өдрийн зарлиг болон хууль дүрэмд заасны дагуу Монгол улсын хууль ёсны иргэн болсон.

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3-р хороо 2-40 мянгатын 9-47 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань 2008 оны 1-р сарын 6-нд Air China OM 856 онгоцоор 11.45 минутад Улаанбаатар-Бээжингийн чиглэлд ниссэн. Бээжингийн олон улсын нисэх буудалд буусны дараа тодорхой бус шалтгаанаар БНХАУ-д саатуулагдаад одоог хүртэл ямарч холбоо барих боломжгүй байгаа бөгөөд Хятадын талаас ямарч мэдээлэл өгөхгүй байна. Тухайн үед Бээжинд ажлын шугамаар хамт явсан “Мон-Энергео” ХХК-ийн захирал Пүрэвсүрэн, “Айвенхоу Майнз” компаний менежер Бат-Эрдэнэ нар Ж.Соёлтыг БНХАУ-ын 4-5 хар дүрэмт хувцастай хүмүүс гавлаад авч явсныг харсан байна. “Намайг барьж байна, Монгол улсын Элчин сайдын яаманд мэдэгдээрэй” гэж Бат-Эрдэнэд хэлсэн байна. Миний нөхөр Ж.Соёлт саатуулагдсанаасаа хойш 5 хоногийн дараа буюу 2008 оны 1 сарын 11-ны 9 цаг 20 минутад “Намайг паспортын зөрчлөөр саатуулж байна” гэж захирал Пүрэвсүрэнтэй яриулсан байна.

Нөхрийнхөө сургийг гаргахаар 2008 оны 1 сарын 28-нд Бээжинд очиж Монгол улсын элчин сайдын яамны консулын буюу иргэний асуудал хариуцсан дарга Бадмаанямбуутай хамт 2008 оны 1 сарын 31-нд БНХАУ-ын гадаадын иргэний асуудал хариуцсан цагдаагийн байгууллагын төлөөлөгчтэй уулзахад Ж.Соёлт нь манай хилээр орж ирсэн байна, харин Бээжингийн цагдаагийн байгууллагуудад саатуулагдаагүй, мужуудын цагдаагийн байгууллагаас мэдээлэл авч асуудлыг тодруулъя гэсэн хариултыг өгсөн. Бээжин дэх Монгол улсын элчин сайдын яам БНХАУ-ын цагдаагийн байгууллагад албан ёсоор 2 удаа нот бичиг, хилийн цагдаагийн байгууллагад 1 удаа нот бичиг өгсөн. Монгол улсын гадаад хэргийн яам 2008 оны 2-р сарын 13-нд БНХАУ-ын Гадаад хэргийн яаманд албан ёсоор нот бичиг өгсөн боловч одоог хүртэл манай нөхрийн талаар албан ёсны ямарч хариу мэдээлэл өгөхгүй байна.

5 ам бүлтэй гэр бүлийнхээ түшиг тулгуур болсон нөхөр маань БНХАУ-д саатуулагдсан явдал манай гэр бүлийнхэнд сэтгэл санааны хувьд давж туулшгүй дарамтанд оруулж байна. Миний нөхөр Ж.Соёлтын биеийн байдал ерөнхийдөө тааруухан болохоор эрүүл мэндийнх нь төлөө маш их санаа зовж байна.

Монгол улсын иргэн, миний нөхөр, бидний аав Ж.Соёлт саатуулагдсан шалтгааныг нэн даруй тодруулж, гэр бүл үр хүүхдүүдэд нь тодорхой хариулт өгч, улмаар эх оронд нь буцаан ирүүлэхийг шаардаж байна.

Монгол улс БНХАУ нь хил залган оршиж, өнө эртнээс уламжлалт харилцаатайн дээр өнөө үед бүх талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, иргэд харилцан чөлөөтэй зорчдог болсон, 2 талын иргэдийн асуудалд төр засгийн хэмжээнд хүндэтгэлтэй ханддаг болсон. Мөн дэлхийн энх тайван найрамдлын бэлгэдэл болсон олимпийн их наадмыг удалгүй зохион байгуулах гэж байгаа орны хувьд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэж Ж.Соёлтын асуудлыг даруй нааштайгаар шийдэж гэр бүл үр хүүхэд биднийг баярлуулна гэдэгт найдаж байна.

<Буцах>