Монголын эрх чөлөө холбооны намын Мэдээ мэдээлэл

Монгол Улс Улаанбаатар хот Засгийн Газрын Ордон
Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Танаа
 2008 оны 3 сарын 14Америкийн Нэгдсэн Улс, Виржиниа муж
 Монгол Улсын иргэн, Жаранбаярын Соёлтын эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа тухай (SMHRIC)

    Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таньд энэ өдрийн амгаланг айлтгая!

Монгол Улсын иргэн, Жаранбаярын Соёлтын эрх, эрх чөлөөг зөрчсөн бүдүүлэг үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авахыг хүсэлт, шаардлага болгон, алс холын Амрика орноос, Монгол Улсын төрийн тэргүүн Таньд хандан энэхүү захидлыг бичиж, өргөн барьж байгааг минь таалан соёрхоно уу.

Жаранбаярын Соёлтыг, 2008 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр, Хятад Улсын Бээжингийн онгоцны буудал дээрээс баривчлан, өнөөг хүртэл үргэлжлүүлэн, 2 сар гаруй хугацаагаар хорьсоор байна. Хятадын засгийн газрын энэхүү ажиллагаа нь, Монгол Улсын иргэн Жаранбаярын Соёлтын, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх, эрх чөлөөг туйлын бүдүүлгээр зөрчсөн явдал болж байна.

Жаранбаярын Соёлтын гэргий, гурван хүүхдүүдийн нь хүсэлт болгосноор, Монгол Улсын Гадаад Явдлын яам, Хятадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас, Жаранбаярын Соёлтын талаар мэдээ, мэдээлэл ирүүлэх хүсэлт болгон нот бичиг хүргүүлсэн боловч, Хятадын засгийн газар эль шаардлагыг үл тоомсорлон өнөөг хүртэл ямар нэг хариу өгөөгүй байна.Түүнчлэн, Хятадын эрх баригчид, Жаранбаярын Соёлтыг баривчлан хорьсон тухайд болон, ямар гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаах ажиллагаа хийж байгаа тухай албан ёсны ямар нэг тайлбарыг, түүний гэр бүлд ирүүлээгүй байна.

Монгол Улсын иргэнийг, тодорхой үндэс шалтгаангүйгээр, баривчлан урт хугацаагаар хорьж, түүний талаар ямар нэг мэдээлэл өгөхөө татгалзан байгаа, Хятадын засгийн газрын энэ байр суурь нь, Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон, Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг туйлын бүдүүлгээр зөрчиж байгаа үйл явдал төдийгүй, Монгол Улсын тусгаар тогтносон хараат бус байдал, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг ч ноцтой зөрчсөн явдал болж байна.

Монгол Улс, Хятад Улс нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын адил тэгш, бүрэн эрхт гишүүн улс орнууд бөгөөд, НҮБ-ын Дүрмийн 2 дугаар зүйлд заасан Зарчмууд болон 4 дүгээр зүйлд заасан дагуу, гишүүн орнууд НҮБ-ын Дүрмийг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих асуудлаар адил тэгш, үүрэг хариуцлага хүлээх ёстой. Түүнчлэн, Хүний эрхийн түгээмэл Тунхаглал болон, хүний эрх, эрх чөлөөний талаарх, олон улсын гол гэрээ болох, Иргэний болон Улс төрийн эрхийн талаарх олон улсын Пактын дагуу хүлээсэн үүргээ, Хятад Улс ноцтой зөрчсөн байна. Хятад Улс энэхүү Пактад, 1998 онд гарын үсэг зурсан байна.

Ийнхүү, Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчилж, хорьсон ноцтой асуудал гарсан байхад, Засгийн газар энэ явдалд, чимээгүй харзнан хүлээсэн, үлбэгэр байр сууринаас хандаж, зохих үнэлэлт дүгнэлт өгөхгүй, өөрийн улсын иргэнийг чөлөөлүүлэх талаар шийдвэртэй арга хэмжээг түргэн шуурхай авахгүй өнөөг хүрч байгаа нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцана” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн асуудал болж байна.

Олон мянган Монгол хүний адил, миний бие, жирийн нэгэн Монгол хүн. Би Монгол Улсын иргэн. Харин, Монгол Улсын шүүхийн системд 16 жил шүүгчээр ажилласан миний өөрийн ажил, амьдралын туршлага маань, АНУ-д сурч эзэмшсэн эрх зүйн боловсрол мэдлэг маань, ардчилалын өлгий болсон Америка оронд удаан хугацаагаар ажиллаж, амьдарч байгаа миний өнөөгийн ухамсарт амьдрал маань өөрөө, намайг хүрээлэн байгаа орчин нөхцөл маань, намайг, шудрага ёсны төлөө, бидний мах цусны тасархай болсон Монгол хүн Жаранбаярын Соёлтын халдашгүй эрх, эрх чөлөөний төлөө тэмцэхийг шаардаж, намайг тийм байх ёстой болгож байгаа учир, би энэхүү захидлыг Таньд бичиж байна.

Төрийн байгууллага, аливаа намын эрх ашиг, улсын өмч хөрөнгийг хамгаалахыг урьдал болгож ирсэн, улирч, өнгөрсөн хуучин сэтгэлгээнээс Бид, салж, Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, ардчилсан зарчимд хурдан суралцаж, шинээр сэтгэж, Монгол хүний эрх, эрх чөлөөг аливаа газар, улс орон бүрд дээдлэн хүндэтгэх тэрхүү ардчилсан ёс журам, эрх тэгш байдлыг хэвшүүлэх цаг болжээ. Үүнийг, өнөөдөр, энэ цаг мөчөөс эхлэн, Монголын төр засаг, монгол хүн бүр бид өрсдөө хийж, гадаад оронд хууль бусаар баривчлан хоригдоод байгаа иргэн Жаранбаярын Соёлтыг чөлөөлөхийн төлөө тэмцэх замаар эхлэх ёстой болж байна. Монгол хүний эрх, эрх чөлөөг Монголчууд бид өөрсдөө хүндэтгэж, Монголчууд бид өөрсдөө хэрэгжүүлэхгүй бол, үүнийг бидний төлөө хэн ч хийхгүй.

Монголчууд, Монгол Улсын Засгийн газрын энэ алхам нь, ардчилалын замаар, сүүлийн 16 жилийн турш, туйлбартай хөгжиж яваа Монгол орны хувьд, ардчилалын томоохон шалгуур болж байна гэж би ойлгож байна. Нэгд, Монгол Улс дотооддоо төдийгүй, гадаадад бусад улс оронд, олон улсын давцан дээр, Монгол Улсын засгийн газар, өөрийн улсын иргэний эрх, эрх чөлөөнйи төлөө тэмцэх ёстой, тэмцэх чадвартай, хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч, ардчилсан улс орон гэдгээ нотлон харуулах ёстой болж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөө, олон улсын хэм хэмжээг зөрчсөн ийм жигшүүрт жишиг, уламжлал тогтоох оролдлого хийж байгаа явдалтай, хойшид, хаана ч, хэзээ ч эвлэрч, хүлцэн тэвчихгүй байх хатуу бодлого баримтлах бөгөөд ийм явдалтай эрс хатуу тэмцэх болно гэдгээ нотлон харуулах ёстой. Гуравдугаарт, Монгол Улсын иргэн, Жаранбаярын Соёлтын эрх, эрх чөлөөний төлөө хйиж байгаа алхамууд нь, Монгол Улс, зөвхөн нэг хүний төлөө бус, харин, яс үндэс, арьсны өнгө, хэл соёл, хүйсийн ялгаваргүйгээр, хүмүүсийн нийтлэг эрх, эрх чөлөөний төлөө тэмцэх тууштай байр суурийг, дотооддоо болон гадаад харилцаанд баримталж, тийм байхыг бусад улс орноос шаардана гэж байгаагийн тодорхой илэрхийлэл болох юм. Дөрөвдүгээрт, Монгол Улсын иргэд, олон зуун мянгаараа гадаадад ажиллаж амьдрах болсон өнөөгийн даяаршиглагдан байгаа шинэ орчин нөхцөлийг, Монгол Улсын Засгийн Газар, Гадаад явдлын яам зөв ойлгож, мэдэрч, гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах бүхий л арга хэмжээг, хуулийг хүрээнд авч хэрэгжүүлэх шинэ хандлага, арга барилыг хэвшүүлэх, хэрэгжүүлэх ажиллагааны эхлэл чухам энэ болох ёстой.

Иймд, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу, Монгол Улсын иргэн, Жаранбаярын Соёлтыг суллуулах бүхий л арга хэмжээг нэн даруй авахыг, Монгол Улсын засгийн газарт, Монгол Улсын иргэний хувьд хичээнгүйлэн хүсэж, уриалж, туйлбартай шаардаж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Монгол Улсын төрийн тэргүүн,

Эрхэмсэг Ерөнхийлөгч Таныг гүнээ хүндэтгэж, мэхийн ёслов

Гомбосүрэнгийн Ганзориг

Email: gganzorig@gmail.com

<Буцах>