ӨВӨР МОНГОЛЫН СҮМ ХИЙДИЙГ ХЭН НУРААСАН БЭ?

Хуучинхүү

 

 

      Өвөр монгол олон сүм хийд байлаа. Манжийн дарангуйлах бодлогын нэг хэлбэр нь тэр байдал гэдэг. Түүхийн хуудас эрээнтэй бараантай ч урвуулагдлаа. Муу бодлоос төрөгдсөн ч сүм хийд нь соёлын хувьд орон нутаг бүхэнд одод мэт түгэж, барилгын сайханыг, шүтлэгийн шудрагыг харуулж тэр нутгийнхаа өнгө үзэмж болон сөхийж байлаа. Сүмтэй оронд шашинтай байлаа гэсэн үг. Шашинтай оронд сая нийгмийн мурал орших боломжтой. Нийгмийн мурал сурталтай оронд сая боловсон орчин бий болж, хүн төрөлхтний нийгмийн гоо сайхан бүрэлддэг гэдэг. Энэхүү ёс учир энд Европын боловсон түүх болон Америкийн эрх чөлөө, ардчилалын түүх нь шашинд түшиглэлээ гэснийг улам гүн ухуулах болсон. Хүмүүст шашин байхгүй бол юуг ч шүтсэний эцэст эд мөнгө, эрх тушаалыг ч шүтэж хөөцөлддөг буй болох юм. Нэг улс орон, үндэст угсаанд байдаг шашны сшстем эвдэгдвэл, тэрхүү нийгмийн хүмүүс эд ашигт хязгаарлашгүй шунаж, мөнгө олох гэсэн бодол бүх оюун сүнсийг нь эзэмдэж, энгийн харц ард хүртэд худал үг ярьж, хуурмаг бараа зохиож, зүү баруун айлаасаа эхлэн мэхэлж, саригаалж, хорлох болдог. Тиймээс хүн гэдгийн оюун бодолд байдаг муу муухай зүйлийг даран, цэгц ариун чанарыг нь бадруулах үүднээс олонх улс оронд шашныг чөлөөтэй шүтдэг байлаа. Шашинтай хүмүүс айж хичээхийг мэддэг. Нутгийн хүмүүс ядаж газар нутгаа өөрийн гараараа худалдаж баяжъя гэхгүй байсан нь худал бус. Сүм хийд соёлын үлдэгдэл болж үеийн үед сүндэрлэж болох л байлаа.

       Гэнэт тэдгээр сүм хийд бүр мунхаг бишрэлийн эх болж нураагдах боллоо. Засгийн зарлиг ч биш, хувьсгалын зарлиг байлаа. Хүмүүсийн санаа бодлын гэм архагийг арилгадаг жинхэнэ шашин шүтлэгийг мухар бишрэл болгож, хувьсгал гэх мухар бишрэлийг шашин гэж галзууруулдаг нь мундаг аюултай байсан. Тухайн үед засаг гэгч нь хувьсгал орлох болж, хувьсгалын төлөө суралцаж, хувьсгалын төлөө хоол идэж, хувьсгалын төлөө амь насаа зориулахад бэлхэн байна гэдэг цаг эринсэн. Хувьсгал юу хий гэвэл хийнэ, хувьсгал хүн ал гэвэл ална. Гэхдээ хувьсгал гэдэг хийсвэр юм ирж зарлиг буулгаж чадахгүй. Хувьсгалд ачаалбар хэрэгсэнэ. Тэр ачаалбар нь хувьсгалчид. Тэдгээр хүмүүс нь хувьсгал гэдгийн орлогч болж зарлиг буулган бүх ардаар юу хийлгэх гэж санавал юу хийлгэдэг. Тийм зарлиг доор сүм хийд Монгол нутгаас арчигдаж ариллаа. Миний нутагт Юань жүэ си сүм гэж байсан. Монгол нэр ч байсан байх. Одоо болоход багын үеийн дурсамж үрэн таран болжээ. Тэр нэрийг тогтоож аваагүй байжээ. Тэр сүм нутгийн минь нэг үзэмж болж байсныг хэнээр ч хэлүүлээгүйгээр би бага насандаа харж байсан юм. Би бол тэр сүмийн барьж байсан ба бүрэлгэж дуусах явцыг харж байсан хүн юмсан.

       Наран битүүгээр тугалаа бэлчээрлүүлдэг бид манхан оройд гарч өдөр бүхний нарыг угтдаг. Тэр тухайд айл зүгээ бараалахад аргалын утаа ба өглөөний хүдэн манан нийлж цайвар сиймхий саа хөшиг болж айлын наагуур ороон эвхрэн, цаана нь айлын гүрвэс зоог түшин жигдрэн, айлын ар ба баруун талаар битүү хар хайлаасан дун ягцран, айлын баруунд сүмийн ганжир униар ороолдсон шугуй дотроос бүрэг баргийн дунд гялалзан, хөхөө донгодон, ёстой энэ хорвоод өөр байхгүй сайхан үзэмжийг дэлгэдэг байлаа. Бага сага уншсан номоос сурснаараа арш хувилгаадын ордон харш ч бараг ийм л байх гэж хөөрөн жаргалд живж байсан хүүхэд нас минь юутай хөөрхий. Харин хүүхэд нас минь аяарлахаас өмнө нутгийн минь өнгө үзэмж хойж хувхайрсан нь миний дурсамжид хэзээд нөхөгдөшгүй шарх сорвисон.

       Өдрийн өдөр байлаа. Маш орой томоожсон би аль нэгтэйгээс гүйн харайлан гэрт ороход хорионд морин тэрэг буулгаад тавиастай, морьд уяатай байлаа. Зочин ирж дээ гэж алсхийн баярлалаа. Тэр үе зочин ирэхийг дандаа хүсдэг байсан шүү. Гамшиг зовлонгийн дунд тэлчилж байсан амьдралд минь зочин ирэхээр бага сага баярын амьсгалтай болдог юм аа. Гэр дүүрэн, ах нараас минь том эрсүүд хоол идэж байлаа. Тэд сүмийг нураахаар өөр айлаас ирсэн хүмүүс байжээ. Эргүү тэнэг бага насанд минь сүмийг нураана гэдэг нь сайн явдал юм уу муу явдал юм уу бодож ч өнгөрөөгүй ээ. Маргаашаас нь сүм нураах ажиллагаа явагдаж эхэллээ. Ээж аав намайг бүү тэнд оч гэж хорьж байтал би үеийн хүүхэдтэй нийлж сэм очлоо. Тийм том сүм хэдхэн өдөр овоо довоо тоосго чулуу болж, эрий хурий алдсан байдал нь маш аймшигтай санагджээ. Цаасан дээр зурсан, торгон дээр хатгамалсан бурханы хөрөг хаа яагүй хийсэж байлаа. Бас лүнтан гэж үзмийн хөх өнгөтэй шил шиг гялтганасан юм газарт байхад зарим хүүхэд шууд өшиглөж байжээ. Би харьж ирээд ээжид хэлэхэд ээж “Чамайг бүү тэнд оч гэж хэлсэнгүй юу, үг сонсдоггүй хүүхэд” гэж ууртай хэлж, залгаад “Сувд янгаа (аниа гэдэг үг)-гийн чинь хүү тэр Дорж ахаа үзэхгүй юу. Түүний нүд яаж сохорсон гэж санана. Тоймгүй алиа түйтгэр байж хүний бурханы гэрт сэмээр орж бурханы нүдийг нь малтаж гаргасан гэнэ. Эргэж ирээд нүдийг яг хүлхдэг чихэр шиг сохроод гарч ирсэнийг Сувд янгаа чинь алгаараа үрж дарж оруулсан гэнэ. Тэгээд насны сохор боллоо биш үү” гэв. Үнэхээр 30 гарч явж байгаа Дорж ахын өрөөсөн цайвар нүдийг ерийн цагт харахаасаа би айдаг байлаа. Дахин би сүм эвдэж байгаа газар очоогүйсэн.

Хожим нь эгчийндээ очиж бичиг үзэхэд сургууль нь Агуйт зоогийн урд байлаа. 30 зах тоосгон гэрийг Агуйт зоог унагасан тоосгоор барьсан ажээ. Агуйт зоогийн сууринд газар асайгүй хагархай тоосго балбархай ваар, бас энд тэнд хэвтсэн гантиг чулуун арслан, элдвийн хөшөө мэтэс хөглөрч байжээ. Аймаг хошуунд алдартай тэр сүмээс 1, 3 сугсраа гэр үлдэж хоршоо хийж байжээ. Хоршооний хүрээнд олон тойрог чулуу байсан нь цам харайхад хэрэглэдэг орон байр гэнэ. 80 зах дуган байсан нь ч эвдэгдэж ором төдий л болжээ.

Оюутан болсны дараа Муруйн сүмд нутагтай хамт сурлагатаны гэрт айлчлан очиход тэр алдар цуутай том сүмээс ганц 80 зах дуган нь л үлдээд сумын сан хөмрөг хийж байгаа ажээ. Миний харсан нь 3-хан сүм ээ. Хараагүй нь 300-гаар тоологдох байх!

Тэдгээр сүмийг хэн нураав? Зарим хүн бүр Монгол хүн бүр өөрөө нураасан гэж ярьдаг. Өнгөн талаас асуудлыг үзэхэд зогсолт нь буруугүй л дээ. Манайд бууж сүм нураах ажилд оролцож агсан хүмүүс бүр Монгол хүн ээ. Гэхдээ тэд эзэн мэдэж нураасан гэж үү? Тэд бол багаж төдий. Хувьсгал тэдэнд сүмийг нураах зарлиг өгсөн. Тэд нураахгүй байж чадах уу? Хэрэв тэд сонсохгүй бол хувьсгал тэднийг нураана. Тэр нь яг Хянган давааны ой шугуйг хяргасан хөрөө буюу сүхтэй адилхан. Эдгээр бол өөрийн эрх мэдэлгүй зарц. Тэгээд өгсүүлэн бодвол, тэдэнд зарлиг буулгадаг хувьсгалчид дотор бас Монгол хүн байлгүй дээ. Тэр Монгол нь санаагаараа хийсэн болов уу? Тэр хувьсгалыг төлөөлж чадах болов уу? Соёлын хувьсгал бол Бээжингээс үрэвсэж бүх улсыг шатаасан гал. Тэр галыг хамгийн том удирдагч ноцоосон. Улангассан дөл Өвөр монголд шатан хүрэх үед харь үндэстний нутагт түүхийн хясалаар хурайлдан эвхрэлдэн олгойдож бүр аливааг хувх залгин том мангас болсон. Тэр мангас залгина, өртсөн бүхнийг ховх залгина. Хүн зон, овоо тахилга, сүм хийд, байгаль дэлхий юу бүхнийг залгина. Тэр ангайсан том аманд нь үй олон сүм хийд ховх залгигдлаа. Монгол хүнээс аль нэг нь гээд тэр мангасыг хориглох тэнхээ байсангүй. Амь нас нь залгигдахыг даахын аргагүй айн дагжиж байгаа үеэссэн.

Өмнөд оронд нэг эртний барилгыг нураах гэхэд нэг ахмад Мао-Зэдуны хөргийг аваачин өлгөж, Мао-Зэдуны сургаалийг бичиж, хэн эвдвэл Мао тэргүүлэгчийг эсэргүүцэж байгаа гэж тэр барилгаа аварсан гэнэ. Хамгаалж авах хүн байхад эвдэгчийн дотор өшил хясал зузаан биш ч бол яахав. Тэр нь ухаан эрдмийн домог болон хоцорно. Газар газрын навдаг савдаг гэх үү, Өвөр монголд хувьсгал аливаа навдаг савдагийг ноёрхогч бүтээсний дээр хааяа үндэстний үзэл гэгч Тэн-Хайчинээр толгойлуулсан цэргээр татаж ирсэн шүү. Хэн хэрэв аймшиггүй Маогийн хөргийг аваачиж өлгөсөн бол? “Одоо бүрээ ажиллагаатайхувьсгалын эсэргүү” болж амь насаа алдахаар бодохгүй гэр бүлтэйгээ бүр хүйс тэмтрүүлж мэднэ. Хятад орон ба Монгол газрын үлдэгдлээс өгсүүлэн би өмнө орны эл нутагт зугаацахад олж харсан сүм хийдээс ингэж л ойлгохоос өөр аргагүй. Лин юн чи сүмийн тоосго нь хэлтэрсэнгүй, Юэ фэй сүмийн ваар нь хагараагүй. Олон олон сүм хийд өнгө нь ч хиртээй үлдэгдэл болж тэр нутгийн хүн зондоо хүртэл олгомж болж оршиж байхад Өвөр монголын сүм хийд бараг хоггүй шахуу нураагдсан нь гайхалтай. Чухам хэн нураав? Монгол хүн юм уу Хятад хүн юм уу гэдгийг ялгаж олохгүй бол ой мод хяргасан ялтай этгээдийг шийтгэх гэвэл сүх хөрөөг нь авчраад шийдвэл зохих хэрэг болно доо.

Энэ тухай ардчилсан үзэлтэй зохиолч Ван-Лишиуны зохиолыг уншихад нэг агуулга нь “Түвдийн сүм хийдийг хэн нураав” гэдэг сэдвээр бичиж Түвд хүн өөрөө нураасан гэж нотолсныг уншаад тус сэдвийг санаж адилхан агуулгад адил бус үзэлтээ энд бичлээ. Их зохиол маань хааяа тун гүехэн хэмжээнд сэтгэдгийг ч харах хэн нэгэнд ч өөрөө сэтгэж үзээрэй. Бусдын ярьсан бүхэн үнэн ёс биш гэдгийг хэлье гэж санасан минь энэ.

Үүнтэй адилаар, соёлын хувьсгал дунд Өвөр ардын намыг малтаж арилгах хөдөлгөөн гэж гарч Монгол хүнийг хэдэн 10 түмээр хядлаа гэдэг. Миний мэдэж байгаагаар нутагт минь сүрдүүлэл доор Зүрхээ гэдэг хүн боомилж үхсэн. Жичи маам зодогдож алагдсан. Манай төрөл саднаас бас нэг тун номхон шударга садан маань хоолойгоо огтолж үхсэн, зөвхөн баян тариачин байснаас гэнэ шүү. Тэдгээр чинь бүр Монгол хүн өөрөө алсан гэж хэлж явж байгаа хүмүүстэй уулзаж байсан. Аль ч үндэстэн шилдэг хүмүүсийг бөөнөөр үйлдвэрлэж байхгүй хойно. Аль ч ястанд шилдэг содон хүн байхад шааруу шавхдас мэт хүмүүс байхгүй яах вэ. Тэдгээр тэнэг түүхий хүмүүс буюу ухаан тамир бүрэлдээгүй залуу багачуудын сугыг өргөн тархийг нь хөөрүүлж, багаж болгож хэрэглэсэн нь тэр хувьсгал гэдгийн нэг хэлбэр билээ. Маш олон хүмүүсийн үрэгдэлд тэд нүд цавчаагүй. Ахмад буурлын ариун цогцост гар хүрсэндээ айж өвчин олсон залуу ч байсныг сонсож байлаа. Харин тэдгээр хүмүүс хэрэв хүн чанарын оронцог байдаг бол одоо хүртэл оюун ухаанаараа шаналж байх ёстой. Энэ бол хувьсгалаас тэдэнд олгосон харамж. Бусдад ашиглагдсан утгаас ярьвал тэд бас хорлол амссан аз бус этгээд билээ. Харин түмэн нүгэлтэй тэр хувьсгалыг үүсгэсэн хүмүүсийн нэг нь шунахай санаагаараа одоо ч болор авсанд хэвтэхэд нэг нь нүгэл буяны дэнснээс эмээн чандраа тэнгис далайд үйлгэж оромгүй болголоо. Ухуулах анги гэдэг нь бүр харь орноос Өвөр монголд цэргийн сүрээр дарж орж ирсэн хүмүүс ээ. Хэн хэрэв хэн нэгнийгээ өмгөөлөх гэвэл тэр хүнээсээ харамсалтайгаар алагдахыг тэр хувьсгал өдөр бүр үзүүлж байсан.

Монгол хүн хамгийн том данснаас бусад дансыг бодохдоо муу, байгаль дэлхийтэйгээ эелсэн амьдрах тэр данс бол өөр хэн ч бодож чадахгүй том данс юм. Түүнээс наагуурх дансыг ер бодож чадахгүй байдаг. Тэгээд 40 түмэн хүнээ хядуулсан дансыг өөр зуураа бодож боллоо. Энэ чанар бусдын хүсээд байсан зүйл биш үү?

Өвөр монголын сүм хийдийг нураасан жинхэнэ эзнийг нь таньж авъя, аав ах нарыг маань тамлан алсан яргачдыг таньж авъя. Энэхүү явдал надад: Нэг харц ард, эгэл иргэн хууль зөрчиж хүн алах бол ямар ч нийгэмд гардаг зүйл. Тэр нь олвол зохих хуулийн нэхэмжлэлийг хүлээдэг. Харин ямар нэг эрх явуулдаг бүлэглэл нь хүн алж хядлага явуулахад, ямар ч хууль хүчингүй болдог болохоор бүхий л нийгэмд хар аюул болж улам аймшигтай гэснийг мэдлээ.

Том дансаа түмэн жил болоод нарийн данс бодож хэдэн 10 жилийн үрэлтийг даалгүй аливаагаа уулгалуулсан Монголчууд минь ээ, битгий хүний ухаанд эшлэгдэн аашилсан тэнэг түүхий хүмүүсээсээ суралц. Хийе гэсэн юумаа заавал хийж, хйиж болохгүй зүйлийг ч эрс татгалзахыг суралцах хэрэгтэй.

Дотоод хамжилцаа нь гадаадынхантай өрсөлдөх хүчин мөн.

– “Дэлхийн боловсон түүх”-ээс

 

 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights