УЙГАРЫН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТЭМЦЛИЙН ТУХАЙ

Д.Баттулга

 

 

Уйгарчуудын өөрсдийн эрх чөлөөний төлөө ер нь шантралгүй тэмцсээр ирсэн юм. Холыг ярихгүйд, 1933 оны 11 сард ба 1945 оны 1 сард, 2 ч удаа Бүгд Найрамдах Зүүн Туркестан улсыг байгуулан тэмцэж байсан түүхтэй. Коммунист Хятадын засаг байгуулагдан, Зүүн Туркестаныг зэвсэг цэргийн хүчээр эзэмшсэний дараа ч нэг бүлэг эсэргүүцэгч хүчин нь хилийн гадна шилжин, Уйгарчуудын эрх чөлөөний тэмцэл нь үргэлжилсээр ирсэн бөгөөл өнөөдрийн “Дэлхийн Уйгарчуудын хуралдай” нь ч гэсэн түүнээс үүсэлтэй гэж ойлгож болно. Энд хүртэл яриахад бидэнд өөрийн эрхгүй хэрэв тэр үед дван нь коммунистын эрхшээл дэх Монголын зүг биш, харин уулын төлөвлөгөө ёсоор Энэтхэг зүг шилжсэн бол, Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөн нь өнөөдрийн буурай байдалд оршихгүй билүү гэсэн хамармслыг төрүүлэх билээ. Түүх тэр үедээ буцаж дийлэхгүй болсон нь үнэнтэй. Гэвч түүх гэдэг давтагдах үе харин байдаг юм гэдгийг үгүйсгэж дийлэхгүй юм. Иймээс түүх гэдэг нь хэзээд туршлага хайрлан, сургамж хүртээн, толь болдог учиртай.

Өнөөдрийн дэлхийн өнцөг булангүй түгэж байгаа Уйгарчуудын эсэргүүцэгч бүлэг нь голдуу “Дэлхийн Уйгарчуудын хуралдай” хэмээх зохион байгуулалтын нэгдэлтэй удирдлага доор аливаа хөдөлгөөнөө явуулдаг байна. Энэхүү хуралдай нь дээр зууны 30, 40-өөд оны үед Уйгарчуудын эрх чөлөөний төлөөний тэмцлийн шууд үргэлжлэл гэж хэлэх нь оргүй биш билээ. Тус хуралдай нь 2004 оны 4 сарын 16-19 өдөр болтол Герман улсын Мюнхен хотод болсон хуралдаан дээр “Зүүн Туркестаны үндэстний хуралдай” болон “Дэлхийн Уйгарчуудын хуралдай”-ийн нийлэлээс байгуулагдаж, дэлхийн Уйгарчуудын эрх чөлөөний тэмцлийн хамгийн дээд зохион байгуулалт болсон байна. Үүнээс болж, дэлхийн олон улсуудаар түгэн тархаж байсан Уйгарчуудын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөн нь нэг тугийн доор нягтрах болж ирсэн бөгөөд ялангуяа 2006 оны 2-р удаагийн хурлын дараагаас энэ жилийн 5 сард болсон 3-р удаагийн хурал болтол Уйгарчуудын 70 гаруй жижиг бүлгэм холбоонууд энэхүү “Дэлхийн Уйгарчуудын хуралдай”-н шинэдийн сар болон од 2-ын зурагтай цэнхэр тугийн доор хуралдан цугларсан юм. Коммунист Хятадад эрхшээгдсэнээс нааших 60 жилийн хугацаанд Уйгарчууд өөрсдийн эрх чөлөөнийхөө төлөө тасралгүй тэмцэж ирсэний дүнд ойрын 10 шахам жилээс эхлэн тэдний тэмцэл нь үндэсний чанартай үсрэлт гаран, Түвдийн асуудалтай зэрэгцэн Хятадын колончлол доорх үндэстний дарлалын бодитой жишээ болон дэлхийн тавцан дээрх чухал сэдэв болон дурдагдах болж эхэлсэн нь Уйгарчуудын ахмад буурлуудынх нь цуцалтгүй тэмцлийнх нь суурь байхаар барахгүй сүүлийн 2 удаа, тус хуралдайн захирлаар даргаар сонгогдсон Рабиа Кадирын цуцалтгүй чармайлга болон нэр хүнд, удирдах авъяас чадвараас салж дийлэхгүй юм гэдгийг үнэлэх хэрэгтэй.

Рабиа Кадир: “Би энэхүү гунигт байдлыг 1 хүн ирвэл 1 хүнд, 2 хүн ирвэл 2 хүнд мэдүүлэхээр чармайна. Дэлхийн эл этгээдийн анхааралд орох болтол үхэн үхтлээ энэхүү ажиллагаагаа тасалдуулахгүй” хэмээн өнөөдрийн Уйгарчуудын гаслант байдлыг нулимс асгаруулан ярьж байсан (Осака, 2007/11/21)-ыг тус хүн ч нүдээр үзэж чихээрээ сонсож байсан удаатай.

Уйгарчууддаа “Уйгар үндэстний зориг санааны эх” хэмээн хүндэтгэн бишрэгдсэн Рабиа Кадирын тухай танилцуулахаас өмнө, “Дэлхийн Уйгарчуудын хуралдай”-н анхдугаар удаагийн захирал Эркин Арибтакины тухай ч товч танилцуулах чухалтай байна.

Эркин Арибтакин бол уулын Бүгд Найрамдах Зүүн Туркестан улс (1945 он) засгийн газрын нарийн бичгийн дарга агсан, тухайн үеийн Уйгарын 3 алдартай хувьсгалчийн нэг болох Иса Арибтакины хүү билээ. 1939 оны 7 сарын 4-нд Зүүн Туркестанд мэндэлж, 1949 онд Зүүн Туркестан нь коммунист Хятадад эзлэгдсэний дараа, эцэг эхээ дагаж Энэтхэг зэрэг газраар дүрвэн цагаачилжээ. 1971-1995 онд болтол Германы Мюнхен хот дахь чөлөөт Европ радио хороонд ажиллажээ. Тэр залуугаасаа Уйгарчуудын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөнд идэвхийлэн оролцож, дэлхийн олон ардчилсан улс орнуудын улсын хуралд амжилттайгаар яриа илтгэл хийж байсан бөгөөд 1991 онд зорилт нэгтэй анд нартайгаа хамтран “Зүүн Туркестаны холбоо”-г байгуулсан байна. Мөн тус онд батлагдсан “НҮБ-д суудалгүй улс болон үндэстний зохион байгуулалтуудын холбоо” (UNPO энэхүү зохион байгуулалт нь одоохондоо 60 гишүүн бүртгэлтэй бөгөөд энэ нь дэлхийн 1500000000 ард түмний ашиг тусыг төлөөлж байдаг)-г үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд 1991-2003 он болтол урьд хожид тус зохион байгуулалтын дэд тэргүүлэгч, тэргүүлэгч, нарийн бичгийн дарга зэргийн чухал тушаалуудыг хариуцаж байжээ. Одоо ч гэсэн Эркин Арибтакин нь Ази Европ, Америк зэрэг орны хэд хэдэн дэлхийн чанартай зохион байгуулалтын зөвлөгчөөр ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн 35 жилийн хооронд Эркин Арибтакин нь 6000 гаруй удаа дэлхийн чанартай  их бага хурал цуглаан, судлал шинжилгээ, яриа илтгэлийн хуралдаанд оролцсон бөгөөд их хэмжээний ном зохиолтой мөртөө үргэлж хэдлэл мэдээллийнхний анхаарлыг татаж байдаг. Тэрээр хувь тавилан нэгтэй Түвдийн 14-р далай ламтай хувийн найр нь ч тун зузаан байдаг (зураг нь 14-р далай ламтай хамт). Насан сүүдэр 70 хүрсэн түүний олонх цаг нь төрсөн нутаг Зүүн Туркестандаа биш, харин гадна орнуудад дүрвэн цагаачилсан боловч, өөрийн эх хэл болох Уйгар хэлээ ер мартаагүйгээр барахгүй Түрк хэл, Герман хэл зэрэг олон хэлэнд нэвтэрхий байдаг нь түүний үндэстнийхээ эрх чөлөөний тэмцлийн үйлсэд зориулахад нь туйлын сайн зэвсэг болсон байна.

Тэрээр одоо ч гэсэн “Дэлхийн Уйгарчуудын хуралдай”-н зөвлөгчөөр байгаа бөгөөд өөрийгөө 70 хүрлээ гэж гололгүйгээр Уйгар үндэстний эрх чөлөөний тэмцлийн үйлсэд зүтгэж буй. Одоо тэрээр Герман улсад нутагшиж байна.

Яг Эркин Арибтакин шиг ахмад буурлуудынхны шантрашгүй тэмцэл баймаажин сая Уйгарчуудын үндэстний эрх чөлөөний хөдөлгөөний бат суурь тавигджээ. Үүний дээр нь одоогийн “Дэлхийн Уйгарчуудын хуралдай”-н сүүлийн 2 хугацааны захирал Рабиа Кадирын чармайлга нь ч Уйгарчуудын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөнийг урагшаа нэг том архам алхуулсан гэж ойлгож болно.

Одоо үеийн “Уйгарчуудын эх” хэмээн хүндэтгэгдсэн Рабиа Кадир нь хэрхэн жирийн нэгэн Уйгар бүсгүйгээсээ аж ахуйлалтан болж, бас хэрхэн буяны үйлс үйлдэгч байснаасаа улс төрч болж, бас яахин Уйгарчуудын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөний удирдагч болсон бэ? Түүний ойрын 30 жилийн амьдралын жүжиглэг хувиралт нь Өмнөд монголдчууд жич Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөнд юу нэгийг хэлж байгаа хэмээн санана.

Рабиа Кадир нь 11 хүүхдийн ээж, жирийн Уйгар бүсгүй. Түүнд умардын үндэстний бүсгүйчүүдэд байдаг халуумсаг эелдэг зантай нь үзтэл илхэн. Үүнээр барахгүй ажилсаг мөрөө чадварлаг нь хүнээс хэтийдсэн билээ. Одооноос 30 жилийн өмнө тэр нэгэн хувцас угаагч эмэгтэй байснаасаа 10-аад жилийн чармайлгаар 90-ээд оны Хятад улсын 10 том баяны нэг болсон байжээ. Тэр халуун сэтгэлээр тэдгээр ядуу хоосон Уйгарчуудыг хавсарч байдаг бөгөөд онцгойлон эмэгтэйчүүд болон хүүхдэд тусламж үзүүлж байжээ. Тэр өөрийн худалдааны асраа зайчилж, сургууль байгуулан, Уйгар хүүхдүүдийг төлбөргүйгээр сургуульд суулгаж байжээ. Эдгээр учрыг коммунист Хятадын засгийн газар нь өөрийг нь ухуулах сайхан байж хэмээн бодож, 1992 оноос түүнийг бүх улсын ардын төлөөлөгчдын ухрлын гишүүн, улс төрийн зөвөлгөөний гишүүн зэрэг тушаалд дэвшүүлсэн бөгөөд 1995 оны дэлхийн 4-р удаагийн эмэгтэйчүүдийн их хуралд Хятадын төлөөлөгчийн хувиар ч оролцуулж байжээ. Анх эхнийхээ коммунист Хятадын засгийн газартай эе эвтэйгээр хамтран, Уйгарчуудын одоох байдалд өөрчлөлт хийж дийлнэ хэмээн сэтгэж байсан бөгөөд Хятад улсад эл үндэстэн үнэхээр эрх тэгш, эе эвтэйгээр амьдарч дийлнэ хэмээн цагаахан сэтгэлээр хүсэж байсан тул Хятадын төв засгийн дээд ноёд, нэн цаашлан улсын тэргүүнд хүртэл Уйгарчуудад авч байгаа Хятадын төв засгийн чанга дарангуйлах төрийн бодлого нь буруу байна хэмээн зоригтой дурдаж байсан. Онцгойлон 1997 оны 3 сар, бүх улсын ардын төлөөлөгчдийн их хурал дээр Уйгарын ард түмний өөртөө засах эрх болон анхааран хүндэтгэхийг уриалан, 2 сард нь, Уйгарын өөртөө засах орны Грузия хот (Инин хот)-д болсон Уйгар сурагчдын сүрт жагсаалыг Хятадын засгийн газар нь цус урсган дарангуйлсан учрыг чанга шүүмжилжээ. Энэхүү асуудлаас Хятадын засгийн газар нь Рабиа Кадирт хандах овроо эрс хувируулж, түүний ардын төлөөлөгч болон улс төрийн зөвлөгөөний хурлын гишүүний эрхийг нь хассанаар барахгүй, гадаад улсад гарах эрхийг нь хүртэл хязгаарласан байна. Үүнээр барахгүй Хятадын засгийн газар нь 1996 онд Америкт дүрвэн явсан нөхөртэйгээ ураг салах хэрэгтэй хэмээн албаджээ. 1999 онд Америкийн зөвлөгөөний хурлын гишүүний төлөөлөгчдийн бүлгэм нь Уйгарын өөртөө засах орон айлчлан тойрох үед, Рабиа Кадирыг тэдэнтэй уулзан ярилцахаар очих замд нь баривчлан, “Улсын нууцыг задруулсан ял”-аар 8 жил шоронд хийхээр яллажээ.

Эмнести интэрнэшнл болон хүний эрхийн байгууламжуудын чанга шаардлага ба илчлэлтийн дүнд Рабиа Кадирын асуудал нь коммунист Хятадын засгийн газрын гутамшигт үнэн дүрийг нь илрүүлснээр барахгүй, дэлхийн яриа хэлэлцээний тавцан дахь Хятадын бузар дүрийг нь харуулсан элчилсэн учруудын нэг нь болсон байжээ. 2000 онд шоронд байгаа Рабиа Кадир нь дэлхийн хүний эрхийн байгууламжийн “Хамгийн дээд хүний эрхийн шагнал”, 2004 онд Норвегийн “Рафто суурь мөнгөний нийгэмлэг” (the Rafto Award) “Рафто шагнал” зэргийг залгаагаар хүртжээ. Тэгээд 2005 оны 3 сарын 17-ны өдөр, Америкийн төрийн явдлын яамны сайд нь Хятадад айлчлахаас 3 өдрийн өмнө, эрүүл мэндийн шалтгаанаар Рабиа Кадир нь урьдчилан суллагдсан байна. Шоронгоос урьдчилсан суллагдсаны дараах 2006 оны 9 сард тэрээ Непалийн энх тайвны шагналд нэр дэвшигдсэн билээ.

Рабиа Кадир шоронгоос тавигдсан тэр өдрөөсөө эхлэн, Уйгарын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөнд шуудан оролцсон юм. 2005 оны 9 сар, тэр Вашингтонд “Дэлхийн Уйгарчуудын хүний эрх болон ардчилалын суурь мөнгөний нийгэмлэг”-ийг байгуулж, 2006 оны 5 сард, Америк дахь “Уйгарчуудын нийгэмлэг”-ийн тэргүүлэгчээр сонгогджээ. Тус жил 11 сард нь, Германы Мюнхен хотод болсон “Дэлхийн Уйгарчуудын хуралдай”-н 2-р их хурал дээр захиаралаар сонгогдсон бөгөөд тус жилийн 5 сард Америкийн Ваншингтонд болсон “Дэлхийн Уйгарчуудын хуралдай”-н 3-р их хурал дээр дахин захиралаар сонгогдсон билээ.

Америкийн ерөнхийлөгч бага Буш “Рабиа Кадир нь Хятадын 1 армитай тэнцэнэ” хэмээн емөрлөг ярьсан үг нь, нэг талаар Рабиа Кадирын авъяас чадварыг магтан өгүүлсэн бөгөөд нөгөө талаар коммунист Хятадын засгийн газрын Уйгар үндэстний эрх чөлөөний тэмцэл “терриорист” хэмээн гүтгэн, нэрийг нь унаган, хүчээр дарангуйлахынхаа баримт болгож хэмээн луйвардан аашилж байгаа байдлыг ч урлагаар илтгэснийг олж харна.

“Дэлхийн Уйгарчуудын хуралдай” нь ардчилал болон тайван замыг ашиглан, Уйгар үндэстний ардчилал, эрх чөлөө болон хүний эрх жич Зүүн Туркестаны ардын тусгаар тогтнолын улс төрийн ирээдүйг тэмцэн олохоор харалтаа болгон, түүний төлөө тэмцэнэ хэмээн тодорхой дурдаж байна. Бас коммунист Хятадын засгийн газрын Зүүн Туркестан дахь улс төрийн ноёрхол, аж ахуйн мөлжил болон соёлын талаар эвдлэгийн төрийн бодлогуудыг эрс эсэргүүцнэ гэж илэрхийлж байна. НҮБ-ын тогтоосон хүний эрхийн тухай тогтоол зурвас, ардчилалын баримжааг эрс журамлан, Европын холбооны улсуудын тогтоосон эл зүйлийн хууль зарлигуудыг чанга журамлана. “Дэлхийн Уйгарчуудын хуралдай” нь ганцаар эзэмшилт дарангуйлах засаг болон эл зүйлийн терриорист ажиллагааг эсэргүүцхээ баримтална хэмээн тодорхой дурдаж байна.

Доор бид тус жилийн 5 сард, Америкийн Вашингтонд явагдсан, “Дэлхийн Уйгарчуудын хуралдай”-н III их хурал илэрхийлэлтийн хэсгийг танилцуулъя.

“Дэлхийн Уйгарчуудын хуралдай”-н III их хурлын илэрхийлэлт:

“Дэлхийн Уйгарчуудын хуралдай”-н III их хурал нь 2009 оны 5 сарын 21-25 өдөр болтол Вашингтонд хуралджээ. Хуралд дэлхийн эл орноос 112 төлөөлөгч, 40-өөд хүмүүс сул оролцжээ. Тус хуралд “хуралдай”-н хөтөлбөрт зохих хэмжээний засвар оруулсан бөгөөд хуралд шинэ нэг хугацааны захиралаар Рабиа Кадир дахин сонгогджээ.

“Дэлхийн Уйгарчуудын хуралдай” бол, Зүүн Туркестаны ард түмний эрх чөлөө, өөрөө шийдэх эрхийг тэмцэн олох, ардчилалын биелэгдэх болон Уйгарчуудын хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэнэ. “Дэлхийн Уйгарчуудын хуралдай” энэхүү харалтдаа хүрэхийн төлөө, энх тайван болон ардчилалын замаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

“Дэлхийн Уйгарчуудын хуралдай” энэхүү харалтдаа хүрэхийн төлөө, эл улс (онцгойлон ардчилсан улс)-ын засгийн газар, улсын хурал, НҮБ, Европын парламент болон буй бүхий дэлхийн хүний эрх, ардчилалын бүлгэм холбоо зэрэгтэй нягт хамжилцаа хийнэ.

“Дэлхийн Уйгарчуудын хуралдай” нь дэлхийн нийгэмд хандан, “Үхнэ үү, амьдрана уу” хэмээн тэмцэн байгаа Уйгарын ард түмнийг дэмжиж, Хятадын засагт хүчтэй даралт үзүүлэн, Зүүн Туркестаны ард түмний өөрөө шийдэх эрхийг багтаасан хамгийн үндсэн эрхийг хамгаалахыг уриална.

“Дэлхийн Уйгарчуудын хуралдай” Хятадын засгийн газарт хандаж, Зүүн Туркемстаны үндэстний эрх чөлөөний хөдөлгөөнийг “терриорист” хэмээн ял нөмрүүлэх улс төрийн хуйвалдлагаа зогсоохыг шаардаж байна. Тэгээд, Зүүн Туркестанд оршиж байгаа бодитой асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө “Дэлхийн Уйгарчуудын хуралдай”-тай хэлэлцээр хийхийг мөн шаардаж байна.

 

Тодорхойлолт:

Түвдийн 14-р далай лам 2007 оны 11 сар, Япон дахь Монголчуудад хандуулсан номын хурал дээрээ “Өвөр монгол, Түвд, Уйгар нь бүр өөртөө засах гэдэг нэртэй боловч зөвхөн нэрийн төдий гэдгийг та нар сайн ойлгож байна” хэмээн айлдсан билээ. Тийм ээ, Өвөр монгол, Түвд, Уйгар нь бүр л өөртөө засах нэртэй боловч, бүр л адилханаар Хятадад эрхшээгдэж, Хятадаар засуулан, аливаа бүхнээ Хятадад өргөн, аливаа бүхэн нь Хятадчилах замд орсон, адилхан зовлонтой үндэстэн болох юм. Тус хугацаанаасаа эхлэн, бид энэхүү “Болор толь” буландаа, Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөндөө туршлага сургамж, толь болгох зорилгоор бидэнтэй адилхан хувь заяатай Түвд Уйгар нь өөрсдийнхөө эрх чөлөөний төлөө хэрхэн тэмцэж ирсэн. Тэдний зохион байгуулалт, хөтөлбөр чиглэлт, үйл ажиллагаа жич тэдний тухай чимээ мэдээлэл, ажиглалт шинжлэл зэргийг нийтлэн танилцуулах болно. Үүнээс гадна, бид бас дэлхийн үндэстнүүдийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн тухай болон тэдгээрийн амжилтанд хүрсэн туршлага, ялагдалд учруулсан сургамж зэргийг ч танилцуулан нийтлэхээр төлөвлөжээ.

Хүчирхийлэл болон ёс бус идэвхжиж байгаа нь тэдгээрийн хүчтэйд нь байгаа биш, харин сайн санаат ардуудын дуугүйгаас болсон юм.

– Нэг Еврэй хүн

 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights