ДЭЛХИЙН БҮХ МОНГОЛЧУУД НЭГДЭГТҮН

Монгол улсын Инфо сониноос

 

 

Элгэн төрлийн холбоотой эрин үеийн Монголчуудад

Эх нутгаараа нэгдэхийг энэхэн тунхагаар батлав.

Уриа тунхаг нийтлэгдэж уугуул нутагтаа түгээсэй

Улсынхаа хязгаарыг давж улам ч эрчимтэй өрнөөсөй.

       Үлэмжийн сайхан нутагтай үзэсгэлэн төгс байгальтай

       Үндэстний ихээхэн баялагтай өнөр баялаг Монголчууд аа,

       Эрхэс тэнгэрийн ивээлтэй эртний Монголын голомт

       Эзэн Чингисийн өлгий эх нутагтаа нэгдэгтүн!

Тав зургаан хэсэг газар тасарч салсан Монголчууд

Тансаг сайхан нутгийнхаа тахил шүтээнд нэгдэгтүн!

Алдарт Монгол нутагтаа аргалын гал дүрэлзүүлсэн

Асар эртний голомтондоо ариун сэржмээ өргөгтүн!

       Өвөр монгол овогтнуудын өөртөө засах орныхон ч

       Өвөг дээдсийн голомтонд өнө мөнх нэгдэгтүн!

       Хүннү агсан Монголчуудын хүчийг нэгтгэх уриан дуу

       Хүмүүсийн оюун сэтгэлийг хөдөлгөн сэрээх болтугай!

Эзэн Чингисийн нэгтгэсэн эртний Монгол орон маань

Эдүгээ хүртэлх хугацаанд элэг эмтэрмээр жижгэрчээ.

Хөх мөнгөн тэнгэр маань хөрст дэлхийн баялаг маань

Хүн амын олонх нь ч хүний нутагт тасарчээ.

       Хөдөө суурин хотоороо хүнтэй, малтай, газартайгаа

       Хүчирхэг их гүрнүүдийн хүчинд автан хуваагдахдаа

       Айл хөршөөсөөн сарнисаар ах дүүгээсээ холджээ бид

       Аз жаргалаа гээгдүүлсээр амьдралаа ч  их үрэгдүүлжээ.

Чингис хааны хойч үеийн чин зоригт Монголчууд аа

Чинээлэг түүхэн амьдралаа цаашид сэргээхийг хичээгтүн!

Эх нутгаа хуваагдуулж эмх цэгцээ алдсан боловч

Эргэж нэгдэхийн тэмцлийг энэхэн үеэс өрнүүлэгтүн!

       Энд тэнд суурьшин байгаа эдүгээ үеийн залуучууд ч

       Эв түнжингээ сэргээцгээж элэг төрөлдөө ойртогтүн!

       Эртний удмын язгуурын эрин цагийн ахмадууд ч

       Энхрийн хайртай эх нутгаа эргэн санаж нэгдэгтүн!

Яахаараа манай Монголчууд янз бүрийн улсад хуваагдаж

Ядахдаа нэгдэж чадалгүй яваандаа мөхөхөд хүрэх юм.

Галав юүлсэн ч салшгүй газар дэвсгэрээ үргэлжид

Гайхам ногоон байгальтай ганц нутагтайгаа санагтүн!

       Хэвлийд бүрэлдсэн хэлбэр хэв заншил ч ав адилхан

       Хэл соёл ч яг нэгтэйгээ хэзээ ч бүү мартагтүн!

       Их агсан Монгол үндэстний ирээдүйн залгамж үеийнхэн

       Эв түнжнээ бататгаж элгэн садандаа нэгдэгтүн!

Тархай саланхи хэвээрээ бол тав, гуравхан зуугаад жил

Та, бидний овог, үндэс мөхөх таамаглал буйг анхаарагтүн!

Эрхэмсэг ноёд хатагтай нар эгэл Монгол овогтнууд аа

Энэ онолын үзэл таамаглалын эгнэгт үнэнийг тунгаагтүн!

       Элгэн төрийн уялдаатай эртний Монгол угсаатнууд

       Эмх замбараагүй уусаж буйг энгийн нүдээр толилогтүн!

       Эгзэгтэй энэхэн цаг үед эх оронч та бүхний сонорт

       Энэхэн уриа хүрч эргэцүүлэн тунгаах биз ээ!

Язгуур угсааг минь хилсдүүлж ямар ч эрдэмтэн сэхээтнийг

Янз бүрийн аргаар гүтгүүлж яллуулж байсныг минь санагтүн!

Буруу номтны сургаалиар бурхан шашныг устгаад

Буянт олон лам нарыг ч буудаж хороосон удаа ч буй.

       Үнэн алдар буурлуудыг үндэсний үнэр ханхлуулсан

       Үзэл суртлын эсрэг гээд үгүй хийсэн үес ч бий.

       Үүний учрыг шүүж үзвэл үндэсний дээрэнгүй бодлогын

       Үнэн зөв эх оронч үзэлтэй үндэсгүй хутгасан нь тодорхой.

Хилс хэрэгт хэлмэгдэхээс айж хэтэрхий удаан сууснаараа

Хэн ч сэтгэл тайвширахгүй хэзээ ч Монголчууд нэгдэхгүй.

Аль нэгэн улс гүрнүүдийн Ар, Өвөрт зүүгдэн оршиж

Асар олон жилийн туршид амьдран буй Монголчууд аа!

       Хөх тугаа мандуулсан хөх Монголын хоч үе

       Хөх толботой мэндэлсэн хөвгүүд охидын сонортой

       Бурхан тэнгэрийн ивээлээр бүхэлдүү үлдсэн сарнин буй

       Буриад монгол овогтнууд ч  бүгдээр Монголдоо нэгдэгтүн!

Харийн нутагт суурьшсан Халимаг нэртэй монголчууд

Халуун элгэн нутагтаа ч хамтран бүгдээр нэгдэгтүн!

Түмэн жилийн уламжлалт Тува омгийн монголчууд

Төрөлх нутагтаа нэгдэж түүхэн алдраа сэргээгтүн!

       Монгол нэртэй монголчууд мөнх сардигийн өндрөөс

       Морьтой, малтай, явган ч Монгол нутагтаа нэгдэгтүн!

Алтай өндөр уулсын ар, өврөөр оршин суугч

Аяган чинээ Халимаг, Тува алгын чинээхэн Монгол болж

Эмх цэгцгүй хуваагдаж энэ тэр улс гүрнүүдийн

Элэг бөөрөнд наалдуулж эмзэглэн гасалж суугаа юм.

Өвөг дээдсийн өвлүүлсэн өргөн уудам нутгаа

Өнө мөнхөд нэгтгэхийн тулд өөрсдөө тэмцэл өрнүүлье!

       Хэтэрхий тайван сууцгааж хэдэн үе өнгөрүүлсэн гэж

       Хэн ч биднийг өрөвдөхгүй хэзээ ч биднийг савдаг нэгтгэхгүй.

       Буруу номлолд автагдаад бутарч будилсан хэдий ч

       Бурхан тэнгэртээ залбиран буй чадлаараа эвлэрэгтүн!

Унасан газрынхаа ариуханд угаасан усныхаа тунгалагт

Удам угсаагаа залгамжилхаар уугуул нутагтаа нэгдэгтүн!

Яс цусаараа нэг удамтай язгуур үндэсний уялдаагаар

Ямагт эв хамт байснаа ямагт бүү мартагтүн!

       Бүх дэлхийн Монголчууд аа, бүрэн эрхээрээ найрамдаж

       Бүхэл нэг улсаа байгуулан бүгдээр нутагтаа нэгдэгтүн!

 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights