Өмнөд монголчуудын төлөө хамтдаа!

Munkhbayar Chuluundorj

 

      

     
    Маргааш Өмнөд монголчуудын эрхийн төлөө тэмцэх дэлхийн өдөр болох гэж байна. Өмнөд монголчуудын эрх чөлөөний байгууллагууд хамтаараа 11-р сарын 6-ныг ийм өдөр болгон, тэмцэхийг уриаллаа.

Өмнөд Монголд чухам юу болоод байна вэ гэж зарим хүн асууж магадгүй. Тэнд малчдын бэлчээрийг булаах, сүйтгэх, албадан хятад олонхитой хот руу нүүлгэж ажил амьдралгүй болгох, уусгах, ялгаварлан гадуурхах, хүний болон үндэсний эрхийг нь хөсөрдүүлэх, үг хэлэх, хэвлэн нийтлүүлэх эрхийг нь боогдуулах, хэлмэгдүүлэн хохироох, ял шүүхгүйгээр хорих, хорих саатуулахдаа тамлан зовоох, хүн хулгайлах, энэ бүхнийг эсэргүүцвэл хайр найргүй нухчин дарах явдал огт багассангүй харин нэмэгдэх төлөвтэй байна.
 


Өмнөд Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч Хадааг шударга бусаар 15 жил хорьж тамласны эцэст, суллалаа гэж мэдэгдсэн ч, тодорхойгүй газар хорьсоор байна. Хадааг суллагдсан гэх мэдээг сонсоод, хүндэтгэн угтаж авахыг уриалсан зохиолч, сэтгүүлч эмэгтэй Хуучинхүүг хулгайлан хорьж, зодож занчиж, харгислан зовоож буй нь илэрсэн. Хуучинхүү бол монгол үндэстнээ оройн дээд шүтээнээ болгосон, манай улсад зочилсон тухайгаа үгүүлсэн “Сүнсийг хурайлсан Монгол дэлхий” нийтлэлээрээ уншигчдын маань сэтгэл зүрхийг уярааж, гэгээн ухаарал хайрласан, их Д.Нацагдоржийн үгүүллэгийн нэрээр өөрийгөө нэрлэсэн, бид бүхний сайн танил алдарт зохиолч, сэтгүүлч билээ. Хадаа, Хуучинхүү болон Өмнөд Монголын бусад хэлмэгдэн хоригдож буй шударга ёсны төлөө тэмцэгчдийг суллахыг дэлхийн монголчууд, хүн ард шаардаж ирлээ.

Бэлчээр нутгаа хамгаалах хөдөлгөөний зүтгэлтэн, туйлын зэрлэг балмадаар харгислуулан алуулсан Мэргэнийг бид бүхэн мэдэх билээ. Түүний аймшигт үхэл бөмбөрцгийг цочирдуулж, аймшгийг сөрсөн Мэргэн баатрынхаа үлгэрээр өмнөд монголчууд босч тэмцэж, ар монгол ахан дүүс бид ч өмгөөлөн, эв санааны нэгдлээ илэрхийлэн дэмжсэн билээ. Анх “явган зорчигчийн буруугаас үүдсэн авто осол” хэмээн үл хэрэгсэж байсан Хятадын засаг арга буюу буулт хийж, алуурчдыг буруутган цаазалж, хохирогчийн ар гэрт тусламж үзүүлж, малчдын нутаг бэлчээрийг сүйтгэхийн эсрэг арга хэмжээ авахаа амласан.

Гэвч жагсагчдыг дайрч алах, зодож занчих, олноор хорих, сураггүй алга болгох зэргээр хайр найргүй нухчин дарсан бөгөөд, энэ харгислалд өртсөн олон хүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна. Хавар-зуны бослогоос хойш хүмүүсийг хулгайлан сураггүй алга болгох явдлыг өргөнөөр хэрэглэж, хохирогсдын талаар баримтлах, хэлэх ярих зүйлгүй болгож байгаа нь тун ноцтой, түгшмээр асуудал юм.

Шилжин суурьшсан хятад иргэдийн зүсэн зүйлийн түрэмгий явдлаас уугуул монголчуудыг хамгаалах амлалт огт биелсэнгүй. Мал сүргийг нь ч дайрч алж,уугуул олныг айлган сүрдүүлж, шахан түрэх оролдлогууд гарсаар ирлээ. Энэ мэт бусармаг явдлыг эсэргүүцсэн малчдыг хятад шилжин суугчид ч, цагдаа нар ч бүүрэлхэн, үхтэл нь зодож занчиж, хорьж хэлмэгдүүлж ирлээ.

Ялангуяа, Өвөр Монголын эрдэс баялгийг цөлмөж буй хятадуудын уул уурхайн компаний жолооч нар замаар явахгүй, малчдын бэлчээрийг талхлан сүйтгэж, гэрийнх нь дэргэдүүр ч улаан тоос татуулан, дайрах дөхөн давхих нь үнэнхүү зовлонтой бэрх бөгөөд, кампанит ажлын шинжтэй байгаа юм. Бэлчээр, гэр орноо хамгаалан тэмцсэн малчин Зоригтыг 10-р сарын эхээр харгис жолооч нар санаатайгаар дайрч аллаа.

Монгол улсад ч монголчуудын байдал төдийлөн дээрдэхээргүй байгаа нь үнэн бодот байдал юм. Ялангуяа өмнөд монгол хүн Монгол улсад хөл тавих ч эрхгүй шахам ялгаварлан гадуурхагдаж байгаа нь шимширмээр.

Өмнөд монгол хүн хятад компанийн орчуулагч л биш бол наашаа хилийн дээс алхах бараг хориотой. Удаан хугацаагаар сууя гэвэл бүрэн хориотой. “Монгол улсын цалингийн доод хэмжээнээс арав дахин өндөр цалинтай ажлыг гурван жил хийнэ гэсэн баталгаа авчир” гэх үл гүйцэлдэх шаардлага тавьдаг. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол, Монгол улсын иргэнтэй гэрлэсэн байсан ч удаан хугацаагаар суухыг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол улсын иргэн болъё гэвэл, дээр дурдсан өндөр цалинтай ажлыг таваас дээш жил хийж, татвар төлсөн баримт, хоёр улсын цагдаагийн байгууллагын ямар ч өө сэвгүй тодорхойлолтууд гэхчлэн олон бичиг баримт нэхэж, үл гүйцэлдэх зорилт болгодог байна. Тэднийг дүрвэгч, цагаач болгоно гэх ойлголт огт байхгүй.

 


Дээрх өндөр шаардлагууд тавигддаггүй байх үед Монгол улсын иргэн болох, удаан хугацаагаар оршин суух, цагаач, дүрвэгч болох болзол хангасан өмнөд монголчуудын хүсэлтийг ч шалтгаангүйгээр хөсөрдүүлдэг тул, 10-20 жил Монголд амьдрахдаа ямар ч статусыг манай улсаас хүртэж чадаагүй өмнөд монголчууд ч байна. Тэд “Хэзээ биднийг хууль бус цагаач хэмээн Хятадад тушаах бол” гэж, ямар ч гэмгүй атлаа оргодол босуул адил айж түгшин, нуугдаж бултан оршиж иржээ. Тэд арга буюу, гуравдагч улсууд руу дүрвэн гарч байна. Саяхан хэдэн өмнөд монгол хүнийг албадан гаргалаа. Хууль бус цагаачидтай тэмцэнэ гэхлээр, юуны өмнө өмнөд монголчууд руу л довтолдгийг хэн бүхэн мэдэх биз ээ.

Өөр ямар ч гадаадын иргэд манайд иймэрхүү байдалд огтхон ч ордоггүй, харин I сортын хүн болон эзэрхэж, улсынх нь иргэдийг II сортын хүн болгон ноёлж байдгийг бид мэднээ. Тэгвэл өмнөд монголчуудын ялгаварлан гадуурхагдах байдал Монгол улсад түүнээс ч илүү ноцтой, хүнд болжээ.

Адилхан л БНХАУ-ын иргэд атлаа, хан үндэстэн хүмүүс хүссэн статусаа Монгол улсаас олж авч, бүр өдөртөө иргэний үнэмлэх гаргуулж авч байгаа тухай мэдээ олонтаа дуулддаг. Тэд, Монгол улсад өөрөө төрсөн юм уу, эсвэл төрсөн хүмүүсийн үр сад, Монголын иргэнтэй гэрлэсэн, Монголд өндөр цалинтайгаар үр бүтээлтэй ажилласан, хөрөнгө оруулсан зэрэг өчнөөн аян шалтгаар манай иргэн болдог агаад, уг болзлуудыг үнэхээр хангасан эсэх нь ямар ч баталгаагүй байдаг аж. Тэдгээр хятадууд өмнөд монголчуудыг “Та нар өөрийн улсдаа ирлээ гэж андуурав уу? Хэнийх нь улс байна даа?!” гэж тавладаг ажээ. Харин өмнөд монголчуудыг “Ялтан солилцох гэрээтэй болсон” гээд, Монголд оршин суух хууль дүрмийг зөрчсөн гэх шалтгаанаар БНХАУ-д тушаах тун чиг ойрын аюул нүүрлэн ирээд байна. Саяхан зарим өвөр монгол хүний илүү дээгүүр статусын баримт бичгийг хураан авч, ногоон карт олгон бууруулсан байна.

Монгол улс рэпатриацийн буюу уугуул иргэд,тэдний үр садыг буцааж ирүүлэх бодлогыг хэрэгжүүлээд удаж байна. Ардын хувьсгалаас хойшхи хугацаанд зүй бусаар хөөгдсөн гэх хятадуудыг үр садтай нь авчрах бодлого өргөн хэрэгжиж ирэв. Казахстан улс руу явсан казах иргэдийн буцаж ирэхийг чөлөөтэй хүлээж авч, төвхнөх тусламж үзүүлдэг. Хятадуудад ч тийм тусламж үзүүлдэг болов уу. Харин монголчуудыгаа рэпатриацаар авчрах тухай санаж ч байсангүй. Большевик харгислалаас дүрвэж дайжин 30-40 мянган хүн Монгол улсын хилийг даван нүүсэн агаад, нэлээд нь буцаж ирсэн ч, нэлээд нь үлдсэний үр сад хэдэн түмэн хүн Өмнөд Монгол, Гансу зэрэгт байна. Энэ хүмүүс Монгол улсад эргэн ирж, садан төрөлтэйгээ учран золгохыг хүсдэг ч, өмнөд монголчуудын өр эмтрэм аж байдал Монгол улсад тэднийг хүлээж буй. Цогт тайжийн үед одсон Хөх нуурын халхуудыг ч сонгодог рэпатриацаар буцааж авах ёстой атал, хүн амын 1/5 нь хятад байсан колоничлолын оргил үеийг хичээнгүйлэн сэргээхийн учир юу вэ?

Түүнээс ч аймшигтай юм болох гэж байна. Уул уурхайн аварга төслүүдийг хэрэгжүүлэхэд, хүн амаас нь ч их, хэд дахин ч их гадаадын ажиллах хүч ирдэг муу жишиг дэлхий даяар багагүй хэмжээгээр дэлгэрсэн байдаг. Тэр муу жишиг Монголд тогтож байна. Хэрэв бид хилийн чанадын монгол ахан дүүсээ эрхэмлэх бодлоготой байхгүй бол, бүх монгол туургатнаа нүүлгэж ирүүлэхэд ч бэлэн сэтгэлзүйтэй байхгүй бол сая сая хятад хүн ажиллах хүчний журмаар үерийн ус мэт уулгалан орж ирж, улс маань Өвөр Монголын адилаар XXI зууны хамгийн аймшигт колони болох болно. Дэлхийг цочирдуулах болсон хятадын харгис хэрцгий явдлууд, бодлого, үйл ажиллагаа та бидэн дээр хэрэгжих болно. Үүнийг сонгох уу, монгол туургатнаа сонгох уу?

ОХУ уугуул ард түмнүүдээ эргүүлж ирүүлнэ хэмээн Монгол улсын буриад, ойрд, урианхай нарыг татах хуульзүйн үндэстэй боллоо. Манай казахуудыг татаж авсаар ирсэн Казахстан мөн Оросын адил хуультай болж, улсынх нь дорнод хэсэг буюу Зүүнгарын түүхэн уугуулууд болох ойрдуудыг хүлээж авна хэмээж байна. Монгол улсын хүн амын 20 хувь нь халх бус агаад, тэр хүмүүс үндсэндээ гадагшаа явж болох эрхзүйн орчин хөрш орнуудад бүрджээ. Орос, Казахстан улсууд монголчуудыг татна гэж байхад Монголын төр засаг юу харж, юу хийж байна вэ?

100 жилийн өмнө бүх монголчууд Нэгдсэн, Нэгэн Монгол улсаа хамтдаа байгуулахад өмнөд монголчууд асар их үүрэг гүйцэтгэж, үнэлж баршгүй гавъяа байгуулсан. Эмгэнэлтэй нь, их гүрнүүд хуйвалдан, Өмнөд Монголыг энэ улсаас маань тасчин салгаж, харийн эрхшээлд оруулсан билээ. Монгол улсыг маань байгуулалцсан, тусгаар тогтнолыг бадруулалцсан, гал голомтыг асаалцсан өмнөд монголчууд энэ л нэгэн Монгол улсын элгэн ч байх эрхтэй, иргэн ч байх эрхтэй.

1. Эх орон нэгтнүүд ээ, сэрэх цаг болжээ! Өмнөд монгол ахан дүүсээ өмгөөлөх цаг иржээ! 11-р сарын 6-ны олон улсын эсэргүүцлийн хүрээнд бид өнөөдөр энэ хэвлэлийн хурлыг хийж байна. Маргааш эсэргүүцлээ чөлөөтэйгээр илэрхийлцгээгээрэй гэж уриалж байна.

2. 12-р сарын 10-нд ахин олон улсын эсэргүүцлийн өдөр болно. Тэр өдөр, бэлтгэлээ базааж байгаад сүрт эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулцгаая гэж уриалж байна!

3. Өмнөд монголчуудынхаа төлөө Хятадын төрд хандан:

-Өмнөд монголчуудын хүний эрх, үндэсний эрх, амьд явах эрхийг хөсөрдүүлэх;

-Баялгийг нь цөлмөж, бэлчээрийг нь сүйтгэж, нутгийг нь шилжин суурьшигчдаар дүүргэж, өөрсдийг нь хятад хүн амтай хотууд руу нүүлгэн, амьдрах аргагүй болгох;

-Шударга тэмцлийг нь нухчин дарж, оролцогсдыг нь үндэслэлгүй хорих, тамлан зовоох, сураггүй алга болгох;

-Хадаа, Хуучинхүү зэрэг тэмцэгчдийг хэлмэгдүүлэн хорихоо зогсоож, нийгмийн холбогдох эрхэм зарчмуудаа баримталж, зохих арга хэмжээ авахыг шаардацгаая гэж бид уриалж байна!

4. Монголын төрд хандан:

-Өмнөд монголчуудыг ялгаварлан гадуурхах, тэдний эсрэг үйл ажиллагаа, суртал ухуулга явуулж, төрөл бүрээр дайсагнахаа зогсоож,

-Монгол улс дахь удаан хугацаагаар оршин суугч, ажиллах хүч, дүрвэгч, цагаач, иргэн болох явдлыг нь гадаадын өөр үндэстэн иргэдээс ялгавартай болгон бүхий боломжоор хөнгөвчлөх,

-Сонгодог рэпатриаци буюу, Монгол улсаас Өмнөд Монголд нүүж очигсод, хойчсыг татаж ирүүлэх,

-Уугуулшуулал буюу өргөтгөсөн агуулгатай рэпатриацаар ирүүлэх,

-Монгол үндэстний эрх ашгийн төлөө тэмцэгч өмнөд монголчуудыг Монгол улсын иргэн болгох, улс төрийн орогнол олгох, гуравдагч улсад одоход нь туслах зэргээр хамгаалахыг шаардацгаая гэж бид уриалж байна!

5. Дэлхийн шударга улс түмэн, байгууллага, зүтгэлтнүүдэд хандан:

-Өмнөд Монголын зовлон зүдгүүрийг таньж мэдэн, нимгэлэн арилгахын төлөө тэмцэхийг бид уриалж байна!



"Өмнөд монголчуудын төлөө хамтдаа" хэвлэлийн хуралд оролцогчид, дэмжигчид

2011.11.5



 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights