Монголын эрх чөлөө холбооны намын Мэдээ мэдээлэл




ГАШУУДАЛ

    Монгол үндэстний цогтой эх оронч,монголын төлөө мятаршгүй тэмцэгч Даваасамбуугийн Мөрөн 2003 оны 3-р сард Швед улсад зуурдаар нас нөгчив.Ингээд монголоо гэсэн чин халуун сэтгэлтэй,монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө сүүлчийн амьсгаа хураах хүртэл тэмцэж явсан Д.Мөрөн маань 39 тай цэл залуу насандаа биднийг үүрд орхин халин одлоо. 

  Даваасамбуугийн Мөрөн өвөр монголын Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошуунд сэхээтний гэр бүлд төрж өссөн.Хар багаасаа хятадын эзэрхэг түрэмгийлэгчдийн харгис дарлалыг амсаж өссөн болхоор хожим монгол улс үндсээ сэргээн мандуулах чин эрмэлзэлтэй болгов. 

  Д.Мөрөн хошууны бага дунд сургууль төгсөөд өвөр монголын багшийн их сургуулийн түүхийн салбарт элсэн суралцав.Оюутан байхдаа тэрээр өвөр монголын бүх нутгаар аялан монголчуудын аж байдалтай танилцаж байж.Сургуулиа төгсөөд тэрээр хошууныхаа соёлын товчооны даргын албыг хашиж байлаа.1990 онд Монгол улсад анх ирж МУИС-н түүхийн ангид аспирантураар сурч байв.Тэр үед монгол улсад ардчилсан хувьсгал ид өрнөж байсан бөгөөд энэ нь түүнийг өвөр монголийн эрх чөлөөний төлөө,монголын тусгаар тогтнолын бэхжилтийн төлөө тууштай тэмцэгч болход нөлөөлсөн юм.Ийнхүү Д.Мөрөн эрдмийн мөр хөөх ажлаа түр хойш тавьж монголын үйлсийн төлөө аймшиггүй зориг шулуудан тэмцэлд орсон билээ. 

  Тэрээр монголын оюутан залуучуудтай хамтаар “Дэ вангийн нийгэмлэг”-г үүсгэн байгуулж монголын чөлөөт хэвлэлээр”өвөр монголын гунигт түүх”хэмээх том хэмжээний өгүүлэл нийтэлж ХКН,Бээжингийн эрх баригчдаас өвөр монголчуудын эсрэг явуулж ирсэн аймаглан усатгах,хүчээр хятадчилах бурангуй бодлогыг илчлэн,өвөр монголчууд ХКН-ын дарангуйлалд хөөрхийлөлтэй хэцүү амьдралд шаналж байгаа дүр зургийг анх удаа системтэй дэлгээн харуулж дэлхий нийтийн сонорт хүргэж билээ.Д.Мөрөн олон арван өгүүлэл бичиж зөвхөн өвөр монголын хүний эрхийн асуудлыг хүндээд зогсоогүй,бас монгол улсад хятадын аюул заналхийлал гадна дотноос хавсайдах шинжтэй байгааг зоригтой илчлэн тууштай тэмцэж байсан. Түүнчилэн Д.Мөрөн бас өвөр монголын ардчилсан холбоог анх байгуулхад жинтэй хувь нэмрээ оруулсан хүний нэгэн. 

  Тэрээр өөрийн санаачилгаар”монгол толбо” сониныг эрхлэн гаргаж монголын ард түмэнд хятадын аюулыг сэрэмжлүүлж байжээ.”Монгол толбо” сонин монголын ард түмнийг үндсэрхэг эх оронч үзлээр хүмүүжүүлэн нөлөөлхөд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн.Түүний санаачлан үүсгэн байгуулсан “Өмнөд монголын хүний эрхийн холбоо”нь өвөр монголын хүний эрхийн асуудлыг гойд анхааран хүний эрх зөрчигдсөн тухай бүр Бээжингийн эрх баригчдийг зэмлэн буруушааж,Хадаа,Тэгшээ зэрэг өвөр монголын хүний эрхийн төлөө тэмцэгчдийг өмгөөлөн тэдний тухай “Эмнести интерншнал”,НҮБ,олон улсын хүний эрхийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэж байсан.МОХ-ны дэргдэх Дэ вангийн нийгэмлэгтэй хамтаар өвөр монголын хүний эрхийн төлөө жагсаал цуглаан зохион байгуулж тэмцэж явлаа.

   Цогтой эх оронч, хүний эрхийн төлөө тэмцэгч Д.Мөрөн монгол үндэстнийхээ өмнө байгуулсан гавьяа нь их.Монголын ард түмэн хайрт хүү Д.Мөрөнгөө үүрд сэтгэл зүрхэндээ санаж явах болно.Монгол үндэстэний нийтлэг эрх ашгийн төлөө Мөрөн шиг зоригтой мянга мяанган тэмцэгч төрөх нь гарцаагүй.

 Бидний журмийн нөхөр Д.Мөрөнгийн зорьсон ариун үйлс заавал бүтнэ.

Даяр монгол хөдөлгөөн

Дэ Вангийн нийгэмлэг

ӨМАН-н монгол дахь салбар

Өвөр монголын хүний эрхийг

хамгаалах хороо

Өвөр монголын ардчилсан холбооны

Журмын нөхдөөс нь

2003оны 04сар


<Буцах>