КОЛОНЧЛОЛЫН НОЁРХОЛ ХИЙГЭЭД ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТЭМЦЭЛ

– Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөний утга чанар

Олхунууд Дайчин

 

 

Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөн гэдгийг ярихаас өмнө, юуны өмнө үүнд агуулагдаж байгаа Өмнөд монгол болон эрх чөлөөний хөдөлгөөн гэдэг 2 ухагдахууны тухай тодруулъя. “Өвөр монгол” биш, “Өмнөд монгол” гэдэг нэрийдлийг хэрэглэсний гол үндэслэл нь юу болж, энэхүү нэрийдэл нь оновчтой буюу тохиромжтой эсэхийг энд түр өгүүлэхгүйгээр (дараагаар тусгай сэдвээр олонтойгоо зөвдөлцмөөр байна), чухам хаанах Монголыг зааж байгаа гэдгийг л тодорхойлмоор байна. Миний хэлэх гэж байгаа Өмнөд монгол гэдэг бол Барга Буриадаас эхлэн Дөрвөн ойрад хүртэлх Хятадын эрхшээлд байгаа бүх Монголчуудыг хамарч байгаа. Тодолвол эрх чөлөөний хөдөлгөөн гэдэг асуудал болно. Эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөн гэдэг бол харь үндэстний эрхшээлд орон ноёрхогдож байгаа үндэстний тусгаар тогнон биеэ даахын төлөөнөө тэмцэх хөдөлгөөнийг хэлж байхаар барахгүй, нэн чухал нь харь үндэстэн нь төрийн эрхээ ашиглан ноёрхон дарлахыг эсэргүүцэх хөдөлгөөнийг ч хэлдэг. Өөрөөр хэлвэл, харь үндэстний ноёрхлоос ангижран, тусгаар тогтнон өөрийн үндэстнийхээ эзэн эрхт төр засгийг байгуулахаар тэмцэх хөдөлгөөнийг эрх чөлөөний хөдөлгөөн гэж хэлэх мөртөө харь үндэстэн төрийн машинаа ашиглан, тус үндэстний хүмүүсийг эрхшээн дарлаж, улс төр, аж ахуй, соёлын түрэмгийлэл хийх зэрэг аливаа хайлуулалт мөхөөлт хийх ажиллагааг дургүйцэн эсэргүүцэх хөдөлгөөнийг ч эрх чөлөөний хөдөлгөөн гэж хэлдэг юм.

Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөн гэж ярихад юуны өмнө тавигдах асуудал нь, бидэнд одоохондоо эрх чөлөө гэж байна уу? Эсвэл байхгүй юу? гэсэн асуудал болно. Үүнд хэллэгээнгүй “байна”, “байхгүй”, аль эсвэл “хангамжтай биш” гэдэг хариултнууд гарч ирж болно. Хэрэв эрх чөлөө “байна” гэж үзвэл бид илүүц үг ярих чухалгүй, амар тайвнаар амьдарвал болчихно. Хэрэв “байхгүй” буюу “байвч хангамжтай биш” гэвэл, бид яагаад ийм байдалд орсон ба түүнийг буй болгосон үндсэн шалтгааныг задалж шинжлэх чухалтай мөртөө түүний олохоор тэмцэх хэрэгтэй болно. Одоохонд Өмнөд монголын бодит байдлаас үзвэл бидэнд бүрмөсөн эрх чөлөө байхгүй байна гэж хэлсэн ч өчүүхэн ч хэтрүүлсэн хэллэг биш юм.

Орчин үеийн дэлхий дахины эрх чөлөө гэдгийн тухай нийтийн ойлголтоос үзвэл “эрх чөлөө” (freedom, liberty) гэдэг нь хувь хүнд авч хэлвэл, хүний эрхийг хүндэтгэн, эрх чөлөөтэй байх явдал болно. Үүнд эд хөрөнгө, хувь биеийн эрх чөлөө, үзэл санаа, шүтлэг бишрэлийн эрх чөлөө, яриа хэлэлцээ, хурал цуглаан, бүлгэм холбоо байгуулах эрх чөлөө болон засагт оролцох ба оролцохгүй гэх мэтийн олон зүйлийн эрх чөлөө байдаг. Нэг үндэстэнд авч хэлвэл өөрсдийн шийдэн, тусгаар тогтнох эрх чөлөөтэй байх нь хамгийн үндэс болох юм. Дээрхээс бид өөрсдийнхөө хэр зэргийн эрх чөлөөтэй байх гэдгийг тодорхой олж харж болно. Хувь хүний эрх чөлөөгөөр авч үзсэн ч, нэн ч нэг үндэстний хамтын эрх чөлөөний хувьд авч үзвэл бид бараг ямар ч эрх чөлөө байхгүй гэдэг нь ойлгомжтой. Хүн байж хамгийн үндэс болох чөлөөтэйгөөр хэлж ярих эрх хүртэл байхгүй болчихсон байхад, бид бас яаж “энэ байна”, “тэр байна” гэж хэл чадах вэ?! Үүнээс үзвэл, бид 1949 онд, Хятад улсын нэгэн өөртөө засах орны хувиар орох үед нэгэнт үндэстний эрх чөлөөгөө алдчихлаа гэж хэлж болно. Хумсан төдий өөртөө засах эрх байсан нь ч “соёлын хувьсгал”-ын их талхилтыг өнгөрөөгөөд одоо үлдэж байгаа юм байхгүй болжээ. Өмнөд монголын уудам нутгийн газар дээрх газар доорх бүх гаралт бүр Хятадынх болон хувирч, уламжлалт аж ахуйгаа эзэгнэх эрхээ алдаж, өөрийн нутгаасаа төрийн бодлогын дагуу хөөгдөн, өөрийн хэлээрээ сурах хүмүүжил хүртэх орчин ба нөхцөл ч байхгүй болон Монгол соёлын орчиндоо амьдрах боломжоо алдсан Монголчууд явах тутам олширч байна. Бидний нүдний өмнө нэг бол үндэстний эрх чөлөөгөө таягдаж дув дуугайгаар Хятад болж хайлж устаж дуусна эсвэл үндэстнийхээ эрх чөлөөний төлөө эсэргүүцэн төмцэх Монголоо аван үлдэх учир болно.

Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөн нь ямар үр дүнд хүрч дийлнэ вэ? Арваад дуншуур хүнтэй, хүчирхэг их цэргийн хүчинтэй Хятад гүрэнтэй тэмцэх хэмээгч нь ямар ч боломжийн нөхцөл гэж байхгүй “сохор балай ажиллагаа” мөртөө Өмнөд монголын Монголчуудын амьдрал үүнээс болж одоохны байдлаасаа ч улмаар доордох болох биш үү? гэх үзэлтийг “аливаа бүхэн мөнгөн зоосны төлөө” гэдэг коммунист Хятадын ойрын 20 жилийн сурган хүмүүжлийг хүртсэн сүүлийн үеийн Өмнөд монголын олонх залуус голцуу баримталж, бас нэг бүлэг үндэстний гутрангуй үзэлтэн ч ингэж үздэг ажээ.

Аливаа бүхнийг тоогоор шийдэх хэмээн оролддог нь Хятадын орчин үеийн гадагш түрэх үзэлтийнх нь гол үндэслэлийн нэг болж байдаг гэдгийг бид анхааралдаа авахгүй байж болохгүй. Тоогоор асуудал шийддэг нь бүрмөсөн буруу биш л дээ. Гэвч тооны олон цөөнөөр бүх юмны зөв буруу, үнэн худлыг тогтоох нь буруу байдаг. Дэлхийн 5-ны 1%-ийг эзэлдэг хүнтэй Хятад гүрэн нь ер нь ингэж тоогоор төв ёс болон гажуу бурууг мушгин тонгоруулдаг. Нэг л жишээ татая. 2008 оны Бээжингийн олимпийн өмнөхөн, Японы “Утга урлагийн хавар намар” хэмээх сэтгүүлийн 9-р сарын хугацаанд Чинхуа их сургуулийн профессор Лиү-Жианюн, Ардын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийн дэд захирал Жин-Цанрун болон Японы Сакура Такубугийн “Япон Хятадын их маргалдаан” хэмээх ярилцаандаа Жин-Цанрун: “Барууны олон улсуудын Хятадыг шүүмжилж байх нь олширч байх боловч, тэр нь үнэхээр бүх дэлхийн хүмүүсийн нийтийн санал гэж үү? Барууны олон улс нь бүх дэлхийг төлөөлж байна гэсэн учир биш. Орчин үеийн дэлхийн хүн ам нь жил болгон 70000000 өсөж, 2008 онд 6800000000 болох болно гэж үзэцгээж байгаа. Үүний дотор Европ Америк болон Японтой нийлүүлээд барууны улсуудын хүн амыг хэтрүүлж ярихад 1000000000 хэтрэхгүй. Энэ удаагийн Бээжингийн олимпийн тойрог дахь олон асуудал нь энэхүү 1000000000 хүний доторх 1 бүлэг хүмүүсийн хийж байгаа ажиллагаа болно. Тэрчлэн, тэдгээр шүүмжлэлүүд нь хэвлэл мэдээллээр дамжин бүх дэлхийд тархсан байна. Гэвч үлдсэн 5700000000 хүний бодол санааг дэлхийн яриа хэлэлцээнийхэнд тусгагдаагүй байна. Нэн ялангуяа барууны улсуудын дотор ч гэсэн, Бээжингийн олимпийн тухай олон зүйлийн ойлголт саналууд байдаг. Даруй Бээжингийн олимпод шүүмжлэлт овроор ханддаг хүмүүс нь бүх дэлхийд авч үзвэл туйлын цөөн тооны хүмүүс гэдгээс өөр дүн гараагүй” хэмээн 3 сарын үеийн Түвдийн ард түмнийг хядсан Бээжингийн засгийн газрын амандаа өлгөөд байдаг”Туйлын цөөн тооны 1 бүлэг хүмүүсийн ... ажиллагаа болно” хэмээн бусад үндэстний дургүйцэл буюу эрх чөлөөний төлөөний тэмцэл зэргийг цөөн хэдэн хүний бурангуй ажиллагаа мэт гажуудуулж ярьдагтай нь яахын аргагүй адилхан гүн аястай болно. Тэд үзэгдлийн шинж чанар, мөн чанарыг үзэхийг зорьдоггүй. Харин тоогоор түүний зөв буруу үнэн худлыг тогтоох гэж мэрийж байгаа учир болох юм. Энэ нь мөн ч эрх баригчдын өөрийн ноёрхлоо зөвтгөх хэмээн оролдож байгаа дээрэнгүй үзлийнх нь илрэл болох юм.

Хувийн эрх ашгийн үүднээс үндэстний эрх чөлөөний хөдөлгөөний харах буюу таних жич үндэстний үзэл санаагаар суурилсан үндстний үндсэн эрх ашгийн үүднээс эрх чөлөөний хөдөлгөөний харах буюу танихад, адилхан боломж, нөхцөл байдлууд нь бүр өсөд өөр 2 зүйлийн юм болж харагдана. Энэ бол үндэстний эрх чөлөөний хөдөлгөөний ямар зогсолтоос очиж үзэж байгаатай холбоотой. Үндэстний эрх чөлөөний хөдөлгөөнийг худалдаачны зогсолт буюу өртгийн үзэлтээр дан цулгай наймаа худалдаа хийж байгаа шиг. Энэ удаагийн худалдаанд хонжих уу, хонжигдох уу? гэх нүдний өмнөх нэг л асуудлыг бодон, Өмнөд монголын эрх чөлөөний тэмцэлд хандвал, Өмнөд монголын эрх чөлөөний хөдөлгөөн гэдэг нь хэлэлгээнгүй яасан ч хийж болохгүй “наймаа” болж болно.

Нэг улс буюу үндэстэн, хамтын, холын ашиг тусад суурилагдсангүйгээр зөвхөн нүдний өмнөх буюу түр цагийн байдалд л хандуулж, харалт чиглэлтээ тогтоовол, 1 улс үндэстэн нь яг л арилжаа наймаа хийдэг худалдаачин шиг болж худалдаа нь сайн байх үедээ өөдрөг байдалтай байж, худалдаа нь хямралд учирвал, 1 л шөнийн хооронд юу ч үгүй болж, гуйлгачин болон зээлд унтан, үхлээ хүлээхтай адил учир болно. Учир нь тэдэнд хамтын шүтлэг бишрэл гэж байхгүй болсон буюу хамтын соёл сэтгэхүйдээ суурилсан үндэстний ухамсар, үндэстний үзэл гэдэг юм байхгүй болсон байна. Үндэстний үзэл санааны бат чанга суурь, зориг санааны түшиг тулгуур гэдэг юмаа алдсанаас болж, үндэстэндээ хандах хариуцлагат сэтгэл гэж үгүй болдог. Зөвхөн нүдний өмнөх ашиг харах үзэлтдээ суурилж, үндэстэн нь түүнд ашигтай үед үндэстний нэрийг ашиглаж, үндэстэн нь түүнд ямар ч ашиг авчирч өгч дийлэхгүй гэж үзсэн үедээ эрс хувирч, үндэстний хамтын ашиг тус гэдгийг өчүүхэн ч бодолхийлэхгүй болдог.

Дэлхий дээрх аль ч үндэстний эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөн төлөө тэмцэгсэд нь богинохон хугацааны дотор ялалтанд хүрэхийг хэн эс хүсэх билээ. Гэвч 1 үндэстний эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөн гэдэг бол туйлын хүчир бэрхшээлтэй байдлын доор явагддаг жишээ ньзонхилох мөртөө ганц 2 удаагийн тэмцэл буюу эсвэл ганц 2 жилийн тэмцлээр амархан биелэгдчих учир биш гэдгийг бид гүнээс гүн ойлгох чухалтай. Үнэнийг ярихад, нэг үндэстэн нь мандан хөгжсөн бадралын ба доройтон уруудсан буурлын шатанд орших бол тун ерөмдөг үзэгдэл юм. Манай Монгол үндэстэн ч гэсэн, Хятад үндэстэн ч гэсэн бүр л адилхан байдаг билээ. Хятадаар жишээлэхэд, өөрөө засаг төрийн эрхээ барьж байдран хөгжсөн үе байсан гэхэд, харь үндэстнээр төрөө засуулж колончлогдон дарлагдсан түүх нь ч богино биш юм. Холыг ярихгүй ганц Манжид 270, 80 жил эзлэгдэн боолчлогдож байсан. Гэтэл Хятадууд энэ 270, 80 жилийн богино биш хугацаанд колончлолыг дуугүй тэвчиж суусангүй, Манжийн эзлэгчдын эсрэг “Манжийг эсэргүүцэн, Минг сэргээе” хэмээх уриалгын доор ил буюу нууцаар эсэргүүцэх тэмцлийг өрнүүлж ирсэн юм. Чин улсын үеийн “Толгойг нь үлдээвч гэзгийг нь үлдээж болохгүй” гэдэг хэллэгээс тухайн үеийн Хятад хүн хэр зэргийн гутаал доромжлолыг хүлээж байсан гэсэн нь ойлгомжтой. Иймэрхүү соёлын талын дарлал ба хайлуулах бодлого нь үр дүнгийн хувьд зөвхөн аж ахуйн ашиг олох зорилгоор колончлохоос нэн хар хортой болохыг юун өгүүлэх билээ. Яг ийм учраас Хятадууд хэдэн зуун жилийн цуцалтгүй тэмцлээр дамжин эцэстээ Манжийн ноёрхлыг нураасан биш үү. Гэтэл өөрсдийнхөө харь үндэстний колончлолыг эсэргүүцсэн тэмцлээ төв ёсны хэмээн зөвтгөдөг Хятадууд өнөөдөр Монгол, Түвд, Уйгар үндэстэнд өөрийн амссан колончлолоос хэд дахин илүү колончлолыг явуулдаг мөртөө эдгээр үндэстний ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцлийг “салан тусгаарлах”, “терриорист” хэмээн гүтгэн нугачин дарж байгаагаас тэдний жинхэнэ мөн чанарыг ойлгож болох юм.

Өнөөдрийн Өмнөд монголчуудын өмнө ч адилхан асуудал тавигдаад байгаа. Бид Хятадын колончлолын хүчний дарлалд 90-ээд жил тэлчилж байгаа. Энэхүү 90-ээд жилийн хугацаанд Өмнөд монгол нь улс төрийн эрхээ алдахаар барахгүй, нутаг дэвсгэрийн эзэн мэдэх эрхээ алдахаас эхлэн, уламжлалт аж ахуйгаа эзэгнэх эрх, баялаг гаралтаа ашиглах эрхээ ч хүртэл алджээ. Нэн чухал нь, өөрийн хэлээ хүртэл алдаж эхлэн, өөрийн соёлоороо амьдрах орчин ба эрхээ алдаж байгаа нь нэг үндэстний оршин тогнолд авч хэлвэл тун ноцтой асуудал болоод байгаа гэдгийг бид ухаарахгүй байж болохгүй. Энэхүү байдал нь коммунист Хятадын дарлал эрхшээл доорх сүүлийн 60 жил улам ч ноцтой болсон байна. Хятадын цэргийн эрхтний колончлол буюу гоминданы колончлолын үед, (эсвэл Японы эрхшээлд байсан ч болог) адилхан дарлал доромжлол, аллага хядлагад өртөж байсан боловч, Өмнөд монгол нь өөрсдийн эрх чөлөөний төлөө тасралгүй цуцалтгүй тэмцсээр ирсэн юм.

Яг ингэж цусаа урсган байж олж авчирсан эрх чөлөөг маань коммунист Хятад нь айлган сүрдүүлэх, завсардуулан хутгах, илбэн мэхлэх, зусардан татах мэтийн элдвийн 5 аргыг хэрэглэн, 1 л хормын хооронд, өөрийнхөө болгож амжсан билээ. Өмнөд монголчууд нь коммунист үзэл болон Хятадад мэхлэгдлээ гэдгийг сүүлийн 60 жилийн бодит учралууд харуулна. Бид Хятадтай нэг гэр бүл болон эрх тэгшээр сайхан амьдарна гэж зүүдэлж байсан 60 жил нь Өмнөд монголын хамгийн хэцүү аллага хядлага, дарлал доромжлол ба булаан дээрэмдлэгэд учирсан 60 жил болно. Гэвч хожим нь даруй 30 жилээр манагдаж байсан Өмнөд монголчуудын эрх чөлөөний тэмцлийн галыг 1981 оны сурагчдын хөдөлгөөнөөр дахин үрэвсжээ. Энэхүү 30 шахам жил үргэлжилж байгаа Өмнөд монголын эрх чөлөөний хөдөлгөөн нь хэдийгээр коммунист Хятадын засгийн газрын хатуу дарангуйлал доор, Түвд Уйгарын эрх чөлөөний хөдөлгөөн шиг хүчтэй явагдаж дийлээгүй нь үнэнтэй ч “Өмнөд монголын ардчилсан холбоо”, “Өвөр ардын нам”, “Өмнөд монголын хүний эрхийн мэдээллийн төв”, “Монголын эрх чөлөө, холбооны нам” хэмээх үндэстний эрх чөлөөний тэмцлийн түүдгүүд энд тэнд тасралгүй ноцож, өргөжин тэлсээр байна. Эдгээр эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөний олон түүдгүүд нь аль нэгэн өдөр үрэвсэн нийлж, хүчтэй түймэр болон бүх Өмнөд монгол орныг гийгүүлэх нь эрх оройны учир буюу.

Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөний хэрхэн үзэж хэрхэн таних вэ гэдэг асуудал нь Монголчуудын эрх чөлөөний тэмцлийн хөгжлийг шууд нөлөөлнө. Үүнд одоохны бодит байдал болон хүнд хэцүү нөхцөлд оршиж байгаагаа ойлгохоор барахгүй, эрх чөлөөний хөдөлгөөнийхөө түүхэн туршлага сургамжаа үнэнчээр дүгнэх жич орчин үеийн дэлхийн цагийн байдлын хувирал, гол оршлыг зөвөөр задлах нь чухал. Өөрийн бодит ахуйгаа ойлгохоор барахгүй үүнийг буй болгож байгаагийн үндсэн шалтгаан зэргийг ч угчилан шинжилж, Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөний онолын системийг бүтээн байгуулах нь нэн чухал үүрэг болох юм. Зөв онолын суурь баймаажин сая бид хэрэг учрын мөн чанарыг зөвөөр танин, Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөнийг зөвөөр ойлгож дийлнэ. Зөв онолын жолоодлогоор бид өөрийн учир, дэлхийн байдлыг зөв задлан, Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөн нь улам эрчимтэй урагштайгаар явагдуулж болно.

Үүнд юуны өмнө бид нэг асуудлыг эрхбиш тодорхой болгох чухалтай. Даруй Өмнөд монгол орон нь колони орон мөн үү, биш үү? гэдэг асуудал болно.

Колони (kolony) орон гэдэг бол харь оронд ардаа нүүлгэн, тэрхүү газар орныг өөрийн улсынхаа засгийн газрын эрхшээл доор байлгахыг хэлнэ. Энгийн байдал доор, эзэрхэг үзэлт хөгжсөн улс нь колони орныг түүхий эд хангах буюу бүтээгдэхүүний борлуулалтын орон болгох төдий биш, нэн чухал нь улс төрийн талаар дарлаж, эзэн эрхтэй байлгахгүй байдаг учир болно. Түрэмгийлэн колончлох явц бол олонх байдал доор, түрэмгийлэгч нь тухайн газрын уугуул иргэдтэй цэрэг дайны мөргөлдөөнөөр эхэлдэг буюу зарим байдалд найрамдлын аргаар ч дамжин түрэмгийлэл нь биелэгддэг. Аль нь ч болог, ямар нэгэн арга буюу хэлбэрээр тэрхүү орныг түрэмгийлэн эзэлснийхээ дараа, колони орныг эрхшээх ба эзэгнэх явцыг эхлүүлдэг. Үүнийг нь колончлол гэдэг. Тэгвэл колончлолын үндсэн зорилго буюу уг санаа нь бол голдуу доорх хэдэн тал байдаг.

– Байгалийн эх баялаг, хөдөлмөр хүч (боол), зах дэлгүүрээ батлах

– Тус улсынхаа эргэн тойрны газрыг түрэмгийлэн хил хязгаараа өргөтгөх

– Тус улсынхаа иргэдийг нүүлгэн улсын дараасаа хөнгөрүүлэх

– Бусад улсын колони орон болохоос өмнө завдан, өөрийн эрхшээлдээ оруулах

– Шүтлэг бишрэлийн хувьд сурталчилгааны орноо өргөтгөх гэх мэтээр хураангуйлж болох мөртөө колончлох хэлбэрийн хувьд их төлөв доорх хэдэн тал байдаг.

– Гадаад харилцааны эрх болон цэргийн эрхийг л эзэмшин, дотоод засгийг нь уугуул иргэдээр нь эзэн мэдүүлж, зарчим дээрээ хамаарахгүй байдаг.

– Тухайн газрын ван ноёд буюу аймаг угсаатны ахлагч нарыг дамжин дамаар эрхшээх.

– Колончлогч улс нь захирагч буюу засгийн дарга, цэрэг засгийн дарга зэргийг томилон шууд эрхшээх.

– Колончилж байгаа улс нь гадаад харилцаа болон батлан хамгаалахын хувьд хамааран, дотоод засгийг нь бол уугуул иргэдийн сонгуулиар дамжин сонгогдсон засгийн газар болон зөвлөгөөний хуралд түшиглэх өөртөө засах колони орон. Гэвч “өөртөө засах” гэж хэлж байвч, колончлох улсын засагт оролцох эрх нь олон талаар хязгаарлагдан, уугуул иргэдийн оролцохыг зөвшөөрөвч, төрийнх нь хэлийг суралцахаас эхлэн олон зүйлийн нөхцөл дагалдан, үнэндээ ихэнх тохиолдолд засагт оролцож дийлэхгүй нь олон байдаг.

Энгийн байдал доор колончлолын үргэлжлэл дунд, дээрх 4 зүйлийн хувиралтыг өнгөрөөх нь олон боловч, колончлолын орон нь колончлогч улстай зэргэлдээ байх тохиолдолд эцсийн эцэст колончлогч улсын нэг хэсэг нь болон хувирдаг. Гэвч энэхүү хувиралтын явц дунд уугуул иргэдийн хайлал ч дагалдан явагдаж, тэдний уулаас байсан хэл соёл, үндэстний ухамсар зэргээ алдах хэлбэрэл үүсдэг.

Грек Ромын үеэс эхлэн явагдсан колончлолбн ажиллагаа болон баруун Европын улсуудын XYIII, XIX зууны үед үед авсан колончлолын ажиллагаануудаас болж одоох дэлхий нийтийн хүмүүс колони орны тухай нийтийн танилттай болж, олонх бүрэн толь буюу тайлбар толь жич тусгай өгүүлэл, ном зохиолуудад төстэй тайлбар буй болсон юм.

XX зууны өмнө хагас хугацааны дэлхийн 2 удаагийн их дайны дараа, колони орны ард түмний 2 удаагийн тусгаар тогтнолын хөдөлгөөн эрчимтэй өрнөж, олон үндэстэн тусгаар тогтнолоо биелүүлсэн бөгөөд 1960 оны НҮБ-ын их хурал дээр, өнгөрсөнд хуулийн талаар, ёс суртахууны талаар ч бүр ямар ч асуудалгүй гэж үзэгдэж байснаа колончлол бол дарлал мөлжил болно хэмээн үгүйсгэгдэн, “Колони орны тусгаар тогтнолын тунхаг”тогтоогдсон байна. Нэн ялангуяа, хүйтэн дайны дараах зүүн Европын улсуудын тусгаар тогтнол ба ардчилалын замыг сонгосон жич уулын ЗХУ-ын доторх үндэстний улсын тусгаар тогтнол зэргээс үндэстний өөртөө шийдэх тусгаар тогтнохыг мэдрэх ёстой мөртөө энэ бол дарлалыг эсэргүүцэж байгаа үндэстний төв ёсны ажиллагаа болно гэдэг нь одоохны ардчилсан улсуудын иргэдийн энгийн мэдлэг, нийгмийн ухасар болсон гэдгийг мадаггүй олж харна.

Тэгвэл колони орон болон колончлол гэдэг нь бүх талаар үгүйсгэгдсэн орчин үеийн дэлхийд, колони ба колончлол гэдэг үг нь дэмий хэрэглэгдэхгүй болсон өнөөдрийн бодит байдалд колончлолын ажиллагаа нь нэн далд нууцгай, нэн хар хортойгоор явагдах болсон гэдгийг бид Өмнөд монголын өнөөдрөө харвал тодорхой болно. Өмнөд монголчууд нь колони орон мөн үү, биш үү?! Бид Хятадтай нэг гэр бүр болж үнэхээр эрх тэгшээр амьдраад байгаа юу, аль эсвэл коммунист Хятад нь биднийг колончлоод байгаа юу?! Бид дээрх колони орны ухагдахуун агуулгуудаар Өмнөд монголд явагдуулж байгаа коммунист Хятадын аливаа бодлого, ажиллагааг нь шинжиж үзээрэй.

Ер нь ДИУ-ын үеийн цэргийн эрхт буюу гоминдан ч гэсэн, Хятад ард улсын үеийн коммунист ч гэсэн, Өмнөд монголд хэрхэн хандаж, ямар бодлого, ажиллагаа авч байсан нь тодорхой. Өмнөх нь Өмнөд монголд голдуу цэргийн хүчээр түрэмгийлэх, Хятад иргэнээ шууд оруулж, бэлчээр нутгийг хагалбарлан хот шиан байгуулан, эсэргүүцсэн Монголчуудыг алж талж байсан бол, хойнох нь харин өмнөхийнхээ туршлагыг дүгнэж, Монголчуудын Хятадын цэргийн эрхтэн болон гоминдан хорсож байсан сэтгэлийг гүйцэд ашиглан, эхлээд ёстой, эвтэй харьцан, Монголчуудын сэтгэлийг олон, эрхгшээлдээ оруулж авсныхаа дараа нүүр царайгаа эдэг эдгээр хувируулж, нөмөрч байсан хонины арьсаа шаалан хаяж, үнэн төрхөө үзүүлжээ. Өмнөд монголчууд нь коммунист үзэл болон улаан Хятадыг үхэн итгэсэн нь яг л муу номд орж мах идэхээ байлаа гэдгийг итгэсэн хулгана шиг болжээ гэснийг сүүлийн 60 жилийн хар дарсан зүүд шиг өнгөрүүлсэн он сар болон хэрэг учрууд гэрчилжээ. Ноёрхогч эрхшээсэн арга хэлбэр ба өнгөн талаас нь үзвэл Хятадын цэргийн эрхтний үе болон гоминданы үеэс коммунист Хятадын үе нь арай энх тайван шиг харагдавч, ноёрхогчдын уг санаа, ноёрхлын шинж чанар нь бүр адилхан колончлол болох бөгөөд хойнохынхны Өмнөд монголд учруулсан хор хөнөөл нь нэн илүү болох юм. Яагаад ийм бэ гэвэл, Хятадын цэргийн эрхтэн болон гоминданы үеийн колончлол нь харьцангуйгаар ил шууд байсан бөгөөд Өмнөд монгол нь колончлогчдын эсрэг эрх чөлөөнийхөө эсрэг нугаралгүй тэмцэж байснаас колончлол нь шулуухан явагдаж дийлээгүй. Гэтэл коммунист Хятадын ноёрхлын үед, Өмнөд монголчууд нь эедэн эвсэж, нэг төрийн засаглал доор, эрх тэгшээр амьдарна гэж 60 жилээр зүүдэлсэн болж, яг эсрэг дүн гарчээ. Бид ямар ч эсэргүүцэл хийсэнгүй учир коммунист Хятадын колончлолын ноёрхол нь шулуухан явагдаж, нэн их хохирол амссан байна. Коммунист Хятадын төв засгийн удаа дараалан шидэн гаргасан “Газар шорооны өөрчлөлт”, “баруунтныг тэмцэх”, “ардын нэгдэл”, “их үсрэнгүй давшилт”, “соёлын хувьсгал”, “баруун орныг ихээр нээх”, бэлчээрлүүлж малжихыг цаазлах”, “ардыг нүүлгэх” зэргийн бодлогууд нь Өмнөд монголд хэрхэн явагдаж, ямар үр нөлөөтэй болсныг бид энд нэг нэгээр тоочихгүй ч гэсэн өнөөдрийн Өмнөд монголын байгаль орчин, амь ахуй, Монголын уламжлалт аж ахуй, хэл соёл, сурган хүмүүжил зэргийн бүх талаар эвдэгдэн сүйрч байгаа бодит байдлаас ойлгож болно. Эдгээр бүх юунаас болов? гэвэл, бид эзэн эрх, эрх чөлөөгөө алдсанаас боллоо гэсэн үг болно.

Нэг Өвөрлөгч монгол залуу Монгол улсад хүрээд, Монголчуудын амьдралын байдлыг харж, харьж ирээд найз нартаа “Хүүе, тэр үед маньдаа ч Халхтай нийлсэнгүй, өөр бол бид бас л ийм ядуугаараа байна гэсэн үг биш юм уу?” хэмээн олзуурхан ярьсан гэнэ. Хэллэгээнгүй энэ нь бүх Өмнөд монголчуудын үзэлтийг төлөөлж дийлэхгүй нь мэдээж боловч, иймэрхүү үзэлттэй өвөрлөгч Монголчууд бага бусаар байх нь ч тодорхой. Гэтэл монгол улсын хүмүүс юу бодож юу ярьж байгаа үзээч. Монголын хип хоп дуунд “Халаас хоосон ч хамаагүй, надад эрх чөлөө байна, хамаг гоё нь би залуу байна ...” хэмээн омголон жавхлантайгаар дуулж буй. Энд эрх чөлөө, эзэн эрхээ дуулж буй. Түүний хэр зэрэг чухал гэдгийг дуулж буй. Эрх чөлөөтэй байж сая амьдрал ирээдүйтэй болно. Ардчилалд алхан ороод удаагүй залуухан Монголд ирээдүй саруул гэдгийг ярьж буй. Амьдралын баян чинээлэг байх бол тун чухал. Гэтэл эзэн эрх, эрх чөлөө гэдэг бол үүнээс нэн чухал болох болно. Тэгэхдээ Унгарын шүлэгч “Амь нас юунаас ч эрхэм, янаг дурлал түүнээс үнэтэй, эрх чөлөөний төлөө гэвэл энэ 2-ыг дуртай өргөнө” гэсэн биш үү. Монголын хуучны үгэнд “Бор гэртээ богд, хар гэртээ хаан” гэж юутай онож хэлсэн үг билээ. Эзэн эрхээ алдвал, эрх чөлөөгөө алдна. Тэгвэл эрх чөлөөгөө алдвал ямар болно? Хамгийн ойлгомжтойгоор зүйрлэвэл яг л нохой шиг болно. Нохой бол хэзээд эзнийхээ царайг харж хөдөлдөг. Эзэн нохой 2-ын харьцаа гэдэг бол эзэн боол 2-ын харьцаа, хоорондох харьцаа нь хэдий ээнэгшиж сайжирсан ч тэр нь хэзээд ах дүү 2-ын харьцаа болж хувирч дийлэхгүй. Эзэн нь дуртай үедээ нохойгоо тоглуулж эрхлүүлж, сайхан хоол өгч болно. Дургүй үедээ угаадас өгөх буюу эсвэл хоолыг нь тасалж залхаан занчиж, зодож шархдуулж ч мэднэ. Аль эсвэл уурлаж түүнд хэрэгцээгүй боллоо гэж үзэх юм бол амийг нь хороож ч мэднэ. Энэ бол нохойн хувь заяа. Яг иймээс хүн гэдэг нохой биш учир, эрт эдүгээ гадаад дотоод гэсэнгүй, үндэстний эрх чөлөөний төлөөний тэмцэл ер тасраагүй үргэлжилсээр байгаа билээ.

Өмнөд монголын үндэстний эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөнийг худалдаачны нүдээр харж болохгүй нь мэдээж боловч, коммунист Хятадын хүчин болон Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөний хүчинтэй адилтгахын аргагүй зөрөөтэй байгаа нь ч мэдээж. Тэгвэл бид эрх чөлөөний хөдөлгөөнөө зогсоох ёстой юу? Эсвэл хүч маань томорч Хятадаас хүчтэй болох үед эрх чөлөөний тэмцлээ эхлүүлэх үү? Дэлхийн эл улсын үндэстний эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөн нь колончлогч хүчин буюу дарангуйлагч хүчнээсээ хүчтэй болсоны дараа сая эхлүүлсэн гэж үү? Холыг ярихгүй, дээр зуун сүүлийн үеийн Балт тэнгис 3 улсын  тусгаар тогнолоос эхлэн ЗХУ-ын 10-аад улсын тусгаар тогтносны дотор аль нэг хүчин нь Оросын хүчнээс давсан бэ? Эсвэл 30 гаруйхан түмэн хүнтэй Чечени нь хүчирхэг Оросуудтай юундаа түшиглэж, юуны төлөө тэмцээд байгаа вэ? Бид өөрийгөө ганцаар коммунист Хятадтай тэмцэж байгаа, эсвэл тэмцэх гээд байгаа гэж битгий ойлгоорой. Бид Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөний асуудлыг дэлхийн олон эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөний дунд аваачин тавьж шинжих хэрэгтэй. Бид өөрийн үндэстний эрх чөлөөний тэмцлийн түүхэн туршлага сургамжаа дүгнэн, асуудлыг гулдаар шинжиж сурахаар барахгүй, хөндлөнгөөс шинжин, бидэнтэй адилхан үндэстний эрх чөлөөнийхөө төлөө цуцалтгүй тэмцэж байгаа туршлага сургамжийг сурч шинжлэн, өөрийн тэмцлийн хөдөлгөөнийхөө толь болгож болно.

ЗХУ задарч, дэлхийн коммунист үзлийн хамгийн том төв нь нурж, одоо үлдэж байгаа бас нэгэн том төв нь коммунист Хятад болно. Эрх чөлөө, ардчилал гэдэг нь дэлхий нийтийн гол урсгал болж байгаа өнөөдөр, ганцаар эзэмшилт коммунист Хятадын зах зээлийн өнгөн талын түр хугацааны хөгжилт нь түүний дотоод дахь олон зүйлийн зөрчлөө дарж дийлэхгүй бөгөөд нэн ч түүний мөхлийн хувь заяаг нь хувируулж дийлэхгүй юм.

Иймээс Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөн нь нэг талаар, өөрийн үндэстнээ соён сэхээрүүлж, тэдний үндэстний ухамсрыг нь дуудан сэрээн, яс цусаараа холбоотой дэлхийн бусад орны Монголчуудынхаа ойлголцоо дэмжлэгийг олох асуудлыг Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөнийхөө үндсэн чиглэлт болгохоор барахгүй, нөгөө талаар, адилхан хувь заяатай Түвд Уйгарын эрх чөлөөний тэмцэл хөдөлгөөнийхөнтэй холбооллоо улам чангатгах чухалтай. Бас Хятадын ардчилсан хүчин жич бусад эсэргүүцэгч хүчнийг ч анхааралдаа авч, бүлгэмдэж болох хүчин бүхэнтэй бүлгэмдэн, хамтын дайсан болох коммунист Хятадын эсрэг хүчээ хамтатган тэмцэх чухалтай гэдгийг ухаарах хэрэгтэй. Үүнээр барахгүй дэлхийн эрх чөлөө, хүний эрх, эрх тэгшийг хүндэтгэдэг ардчилсан гүрнүүдийн ойлголт тусламжийг олон, дэлхийн нийгмийн хөгжлийн хандаш, олон улсын хоорондох хүчний тэнцвэр зэргийг ч алдалгүй анхааран, зөвөөр задлан ойлгох зэрэг асуудлууд нь Өмнөд монголын эрх чөлөөний тэмцлийн хөдөлгөөний эрт нэгэн өдөр ялалтанд хүрэхийн чухал урьдлууд болох юм.

Нэн их өргөн эрх чөлөө бүхий амлал нь социалист нийгмийн хамгийн үр нөлөөтэй зэвсгийн нэг нь болсон байна.

- Хаяакийн “Боолчлолын зам өөд”-өөс

 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights