Ж.СОЁЛТ ТҮРҮҮТЭЙ ӨВӨР МОНГОЛЫН ШИНЭ ҮЕИЙН ЭХ ОРОНЧИД МӨХЛИЙН ЗАМРУУ ГУЛСАН ОРЖ БАЙНА Монголын Ноцтой мэдээ сонины 2009 оны 348-р, №2 нийтэлсэн шүүмж
|
|
|
Сүүлийн 50 жилд Хятадын коммунист нам, БНХАУ-ын засгийн газрын Өвөр монголчуудын эсрэг төрлөөр устгах төрийн бодлого явуулж ирсэнийг Өвөр монголын сэхээтнүүд ярьж бичдэг. Гэхтээ тэд Өвөр монголд бус Ар монголд энэ үгээ хэлдэг, сонин хэвлэлд бичдэг. 1967-1971 оны хооронд Хятадын коммунист намын төв хороо, БНХАУ-ын засгийн газрын тогтоол шийдвэрээр 3 сар Өвөр монголчуудаас 346000 алж, 500000 хүнийг тахир дутуу болгожээ. Өвөр монголын эсрэг үйлдсэн энэхүү ялт ажиллагааг Хятадын коммунст нам, БНХАУ-ын засгийн газар ч хүлээн зөвшөөрдөг ажээ. 1980 оны 2 сарын 20-нд Бээжин хотод хуралдсан БНХАУ-ын дээд шүүхийн онцгой шүүхийн хуралдаанаар Лин-Биао, Жиан-Чин нарыг ялласан бөгөөд энэ 2 мэдүүлэхдээ: “1980 онд Кан-Шэн, Шиэ-Фүжи нарын дохилтоор “Өвөр монголын ардын хувьсгалт нам”-ыг малтаж арилгах нэрийдлээр нийт 364000 албан хаагч, ард иргэнийг хэлмэгдүүлж, 16220 хүний амь насыг бүрэлгэсэн юм” хэмээн Өвөр монголын эсрэг цуст яргалал үйлдсэнээ аргагүй хүлээн зөвшөөрсөн байна. Харин Өвөр монголын сэхээтнүүд Хятадын коммунист нам, БНХАУ-ын засгийн газар 16220 биш, харин 346000 нутаг нэгтнийг маань зохин байгуулалттайгаар хэрцгийгээр хядсан гэж баттай гэрчилдэг ажээ. “Соёлын хувьсгал”-ын дараа Хятадын эрх баригчид 364000 Өвөр монголыг хядсан хамаг гэм бурууг нас барсан, Кан-Шэн, Шиэ-Фүжи зэрэг 16 хүнд тохож харин энэ хядлагыг анх санаачлан зохион байгуулсан БНХАУ-ын нам төр, армийн нөлөө бүхий хүмүүст ямар ч шийтгэл үзүүлэхгүй, БНХАУ-ын хуулиар өршөөн соёрхож иржээ. За, энэ ч яахав, дарангуйлал хэт ноёрхож байсан Мао-Зэдуны үеийн асуудалд. Харин эдүгээ цагт Бээжингийн удирдлага Өвөр монголчуудыг мөн л нугачин дарсан хэвээр байлаа. Өнгөрөгч хавар Хятадын нутаг дэвсгэр дээр Түвдийн бослого эд маналзаж Өвөр монголын хүний эрхийн төлөө тэмцэгч Ж.Соёлтыг Хятадын цагдаа нар хэрхэн баривчилсаныг уншигчид санаж байгаа. Ж.Соёлт нь 1992 онд Монголд ирж, 1997 онд манай улсын иргэн болжээ. Үүнээр зогсохгүй Монгол эхнэр авч, Улаанбаатар хотод 10 гаруй жил амьдарсан. Тэгээд өнгөрөгч хавар түүнийг Бээжинд очтол Хятадын цагдаа нар шууд баривчлан шоронд хийсэн билээ. Тэгээд 5 сар хорьсоныхоо эцэст шинэ оны өмнөхөн суллажээ. Ж.Соёлт саяхан “Хятадын Монголчууд үндэстнийхээ хувь нөхөх аюул нүүрлэсэн байна. Хятад биднийг Түвд, Уйгарыг идэж байгаагаас илүү идэж байна. Олон улсад үндэстний цөөнхийн эрх ашгийг хамгаалж тэмцдэг хүмүүс Монголчуудын талаар дуугарвал дуу гарахаар болжээ. Бид өөрсдөө дуугарахгүй байгаагийн хирээр улам бур доордож байна” хэмээн мэдэгджээ. Түүний өгүүлснээр Өвөр монголын аж үйлдвэрийн хотуудад идэр насны Монголчууд зөвхөн Хятад хэлээр ярьдаг болжээ. Зарим нь бүр өөрсдийгөө Хятад хүн гэж үздэг болсон гэнэ. Өвөр монголын хөдөө нутагт ч Монгол хэлээр ярих нь багасаж, соёл уламжлал нь жилээс жилд мартагдаж байгаа юмсанжээ. Энэ нь нөгөө л их гүрний уусгах бодлого бололтой. 1949 онд БНХАУ-ыг байгуулахад, ӨЗО, тойргуудын хэргийг тухайн үндэстний цөөнхийнх удирдан явуулна гэдэг байжээ. Гэвч өнөөдөр төр засгийн удирдах албан тушаалыг дан Хятадууд хашиж байгаа бөгөөд хөдөө аж ахуй, ашигт малтмал, аж үйлдвэрийн салбарыг мөн л Хятад хүнээр удирдуулсан улсын компаниуд хөтөлдөг гэнэ. Ж.Соёлт нь 1981 оны Өвөр монголын оюутны хөдөлгөөнийг толгойлж байсан бөгөөд тус хөдөлгөөн нь Өвөр монголд Хан үндэстний олноор нь суурьшуулах Хятадын засгийн газрын бодлогыг эсэргүүцэн тэмцсэн байна. Гэвч Бээжингийн удирдлага тус хөдөлгөөнийхнийг толгой дараалан баривчилсан бөгөөд үүний улмаас Өвөр монголын тэрс үзэлтэн гэгддэг залуучууд дээр зууны 90-ээд оны эхээр Монголд олноор орж ирсэн билээ. Тухайлвал Тэмцэлт гэдэг залуу 1991 онд ирж, нилээд хөлтэй наймаа эрхэлж байгаад Францруу дүрвэжээ. Мөн Даваасамбуугийн Мөрөн гэгч залуу Монгол 10-аад жил амьдарч байгаад Швейцарлуу цагаачилсан боловч удалгүй түүндээ үл мэдэгдэх этгээдийн гарт хэрцгийгээр амь үрэгдсэн гэдэг. Хятадын эрх баригчид үндэстний цөөнх, тэр дундаа Монголчуудыг хяхдаг бодлогоо өнгөрсөн олимпийн тоглолын өмнө ч батлан харуулсан юм. Хүний эрхийн олон улсын байгууллага, Хятадын зарим тэрс үзэлтнүүдийн тухайн үед мэдээлж байснаар бол Хятадын эрх баригчдын Монголчуудын тухайд явуулж буй үйл ажиллагаагаа дэлхийн олон нийт, хэвлэл мэдээллийн нүднээс далдуур, тун нарийн аргаар зохион байгуулжээ. 2007 он гарснаас хойш хүний эрхийн төдөө тэмцдэг, салан тусгаарлах үзэл бодолтой гэгддэг олон 10 Монгол хүнийг Хятадын аюулаас хамгаалахынхан чимээ шуугиангүй баривчилсаар ажээ. Нью-Йоркод төвтэй “Өмнөд монголын хүний эрхийн мэдээллийн төв” хэмээх байгууллагын зохин байгуулагч Т.Энхбат: “Миний мэдэхээр Хятаддууд өнөөдөр Монгол айл гэрт зэвсэгийн чанартай зүйлийг байлгахыг хориглодог болсон. Саяхан болтол дэлгүүрийн лангуунд чөлөөтэй зарагдаж байдаг байсан мод сийлдэг хутгыг хүртэл хурааж авч байна. Өвөр монголоос Бээжинд очиж буй Монголчуудыг нэгд нэгэнгүй нэгжин шалгаж байна. Бээжингийн зочид буудалд Өвөр монгол хүн буулгахгүй байна” гэж мэдэгджээ. Мөн түүний хэлснээр, 2007 оны 3 сард Өвөр монголд Хан үндэстнийг олноор нь нүүлгэн шилжүүлэхийг ил тодоор эсэргүүцэн тэмцдэг М.Наранбилэгийг цагдаагийнхан баривчилж гэрийн хорионд оруулсан байна. Үүнтэй зэрэгцээ Цэвэгжав, Шинээ нарын хүмүүсийг ч гэрийн хорионд орулсан байна. Шинээ нь Өвөр монголын хамгийн алдартай тэмцэгч Хадаагийн эхнэр бөгөөд, эх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа Өвөр монголчуудын ариун үйлсэд Шинээгийн оруулсан хувь нэмэр асар их ажээ. Хадааг 1996 онд хаалттай шүүхээр тасалж 15 жил хорих ял оноосон нь Өвөр монголын улс төрчдийн хувьд хамгийн урт хугацааны шийтгэл юм. Гэтэл Бээжингийн эсрэг тэмцэж нэрд гарсан Хятадын тэрс үзэлтэн Ван-Дан, Вэй-Жиншэн нар зөвхөн 7-8 жилийн ял шийтгэл авч хоригдож байжээ. Үүнээр Бээжингийн эрх баригчид хан биш үндэстнүүдийг тухайлвал, Өвөр монголчууд, уйгар, Казак, Түвдүүд болон цөөн тооны ястөн үндэстнүүдийг онцгойлон ялгаварлан үзэж хамгийн харгисаар залхаан цээрлүүлж байгаагаа дэлхий нийтийн өмнө тод харуулж байх шиг “Түвдийн хувьд оюун санааны удирдагч нь далай лам, Уйгарын хувьд ард түмний эх гэгддэг Рабиа Кадир. Харин Өвөр монголчуудын хувьд ийм сайхан удирдагч байхгүй. Далай ламыг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэгвэл бидэнд ийм удирдагч үгүйлэгдэж байна, бидэнд удирдагч ч алга. Бидний зовлонг ойлгодог мэддэг хэн ч дэлхийд ховор боллоо” хэмээн Хөх хотын дарханы газрын ажилчин Урсгал гэгч залуу Америкийн сурвалжлагчид халаглан ярьсан байна. Түүний дарханы газар болон гэрт нь олимп болохоос 2 сарын өмнө аюулаас хамгаалахынхан дайран орж нэгжлэг хийжээ. Өвөр монголын хувьд эрх баригчдаас олгосон автономи эрх нь нилээд өргөн, тэгээд ч стратегийн чухал бүс нутагтай хиллэдэг учраас Бээжингийн удирдлага Монголчуудыг нилээд хатуу гараар барихыг хичээдэг ажээ. Ялангуяа 2008 оны олимпийн үед Хятадын цагдаа нар арай дэнджээ. Алуулж, шоронд хоригдож, дүрвэсээр байгаад бараг 10, 20-хон ширхэг үлдсэн Өвөр монголын тэмцэгч нар ч Түвдүүдийг дууриаж байгаа нь тэр гээд бас зүгээр суусангүй. Тэд Хятадын цагдаа нараас далдуур эсрэг утгатай шүлэг уншихын зэрэгцээ эх орончдын бэлтгэл болгож “Сүрдэшгүй” хэмээх уран зургийн хэвлэмэл эхийг байшингийн булан тохойд нууцаар наагаад бас амжсан байгаа юм. Өвөр монголын эх оронч сэтгэлтэй зураач нар одоогоос хэдэн жилийн өмнө, “Сүрдэшгүй” хэмээх уран зургийг бүтээсэн юм. Энэхүү зурагт Хятадын колончлогчдын эсрэг тэмцэж яваа аймшиггүй зоригт Өвөр монголчуудыг бэлгэдэн дүрсэлсэн байна. Уг зургийн эх хувийг эдүгээ Ар монголд маш нууц газар хадгалагдаж байдаг гэх бөгөөд Хятадын цагдаа нар үүнийг олох гэж нилээд эрэл хайгуул хийсэн боловч одоо болтол олохгүй байгаа юмсанжээ. Харин эх хувиас нь хуулбарлаж хэвлэсэн зураг нилээд олон байдаг бөгөөд уг зургийг Өвөр монголын эх орончид хотын зарим гудамжинд сэмхэн наагаад зугтдаг гэнэ. Одоогоос 2 жилийн өмөн Хөх хотоос ирсэн нэг багш залуу уг зургийг Монголд авчирч манай нэг зураачид бэлэглэхдээ: “За, энэ зураг маш үнэтэй, бэлгэ дэмбэрэлтэй зураг шүү. Наад зургаас чинь болж манай нутагт хэд хэдэн хүн шоронд суусан. Энэ зурагт Бээжингийн удирдагчдын үнэн нүүр царайг харуулсан болохоор Хятадын цагдаа нар урж тасдан шатаадаг юм. Танай улс арай ч зураг шатаахдаа тулаагүй бололтой” гэсэн гэдэг. Харин манайд хувьсгалт намын дарангуйллыг харуулсан гайхалтай уран зураг байдаггүй нь харамсалтай. Ер нь үндэстний цөөнхийн эмгэнэл гэгчийг Өвөр монголчууд хангалттай амсаж байгаа бололтой. Ямар сандаа Өвөр монголын хүний эрхийн төлөө тэмцэгч Ж.Соёлт “Өнөөдөр 24 сая хүнтэй Өвөр монголын хүн амын 20%-ийг 1 нь л Монголчууд байгаа нь Монгол хүн Монгол газар дээрээ үндэстний цөөнх болсныг харуулж байгаа хэрэг” гэж мэдэгджээ. Хятадын чөлөөлөх армийн хошууч генерал Түмэний бичсэн “Өвөр монголын ардын намын хилс хэрэг” хэмээх ном Бээжинд хэвлэгдэн гарч олон жил бодит мэдээллээс тасархай явсан Өвөр монголын чихийг дэлдийлгэсэн байна. Уг номд “100 хүнд оногдож алуулсан хүний тоогоор Өвөр монгол дэлхийд 1-р байранд орно” гэж тодоос тод бичсэн байж, дэлхийн 2-р дайны үед фашист Германи Еврэйчүүдийг яг жоом алж байгаа шиг хүйс тэмтэрсэн. Хошууч генерал Түмэний бичсэнээр бол Өвөр монголчуудыг Еврэйчүүдээс хэд дахин илүү хүйс тэмтэрсэн бололтой. Харин энэ номыг Өвөр монголчууд бус Хятад талаас эхэлж бичснэ нь гайхалтай. Хэрэв Өвөр монголчууд ийм ном бичсэн бол хэзээ ч хэвлэгдэхгүй, хэвлэгдсэн ч шатаагдах байсан биз. Гэхдээ зохиогч энэ номдоо их хядлагыг санаачлан төлөвлөж, шууд зохион байгуулсан Хятадын коммунист намын тоөв хороог, Хятадын коммунист намын дарга Мао-Зэдун ба БНХАУ-ын ерөнхий сайд Жөн-Инлай нарыг өмөөрөн хаацайлжээ. Тийм хэдий ч их хядлагын цар хүрээ, үнэн байдлыг (харамсалтай нь хэлмэгдсэн, алуулсан хүний тоо хэмжээг үлэмж багасгасан бөгөөд хэвлэгдэхгүй байж магадгүй гэж болгоомжилсон бололтой) нилээд бодитой харуулж, нууц байсан баримтуудыг алдаг оног дэлгэж чадсан нь уг номын гавъяа, үнэ цэнэ ажээ. Тус номын 1-3 хуудсанд “Хятадын коммунист нам, БНХАУ-ын эрх баригчид хийсэн нүглээ хүлээсэн нь” гарчиг бүхий маш ноцтой баримт нийтэлсэн бөгөөд “Олон мянган хүний цусыг урсгасан тийм том хэргийг заавал шийдэх хэрэгтэй. Ард түмэндээ зохистой аргаар зөв тайлбарлаж, гэм буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эс тэгвээс ард түмний уур хилэнг бид намдааж чадахгүй” гэж Өвөр монголчуудад тал зассан байна. Мөн 1978 оны 8 сарын 18-нд Дэн-Шиаопин дарга Өвөр монголын Жирэм аймагт байхдаа өгсөн зааврыг нийтэлсэн нь түүний энэрэнгүй хүн байсан гэж ойлгох гэсэн оролдлого ажээ. Тухайлбал уг зааварт “Кан-Шэн, Шиэ-Фүжи 2-ын шууд өдөөн хатгаснаар Өвөр монголын ардын нам гэгч оргүй хоосон хэрэг босгож, Өвөр монголд олон мянган хүнийг хэлмэгдүүлсэн байна. Үүний улмаас олон мянган албан хаагч, ард иргэнийг тахир дутуу болгож, амь насыг нь бүрэлгэжээ. Энэхүү аймшигт хэргийг өдөөсөн этгээдийг хариуцлага хүлээлгэнэ” гэсэн амлалт өгчээ. Гэвч дараа өөрөө энэ хэрэгт бас зохих хэмжээгээр буруутай шүү дээ. Уг ёсондоо тэр өмнөх дарга Мао л муу хүн байсан гэж ойлгуулах гэсэн бололтой. Эцэст нь хэлэхэд, Ж.Соёлт түрүүтэй Өвөр монголын шинэ үеийн эх орончид хэлэх үгээ боогдуулж, харах нүдээ халхлуулж аргагүй мөхлийнхөө замруу гулсаад байна. Тэдэнд С.Цогтсайхан агсаны “Хонхны дуу” яг л тохирхоор болжээ. Уг нь Өвөр монголд үндэстнийхээ төлөө тэмцэх болохуйц шижигнэсэн залуус олон байгаа хэдий ч Ж.Соёлтын “Бид өөрсдөө дуугарахгүй байгаагийн хирээр улам бүр доордож байна. Өвөр монголын аж үйлдвэрийн хотод идэр насны Монголчууд зөвхөн Хятад хэлээр ярьдаг болсон. Зарим нь бүр өөрсдийгөө Хятад хүн гэж үздэг болсон” гэх мэдээлэл нэгийг өгүүлж бус уу?! Бээжингийн удирдлага Өвөр монголын хойч үеийг үнэхээр Хятадчилаад дуусаж байгаа бололтой.
|
||
<Буцах> |
||
Home | Campaigns | News | Links | About Us Copyright © 2006 Lupm.org, Allrights |