ДОЛООН МОНГОЛ Н.Цогжавхлан |
|
|
Хөрст дэлхийн түмнийг хөлийн доор хөглөрүүлсэн Хүч их зориг төгөлдөр Монголчууд аа Хятад Оросын хооронд мэргэний чулуу шиг цацагдаж, Хөл ихтэй хэлмэгдлийн жилүүдэд цусан үеэрт будуулж Хөвчийн их ойдоо хөрөө сүхээ хангинуулсан Хөндийн талаар дүүрэн ёохор юугаа хатирсан Буриад монгол зон минь Галдан бошготын гардаж өсгөсөн Гарсан дайсантай эрслэж тулсан Цөс их зориг төгөлдөр түмэн үеийн баатрууд мэндэлсэн Манжийн дарлалаас Монголоо зайлуулах гэж Мах цусаа урсган дайтсан Догшин төрхт омог бүрэн Ойрад монголын зон минь, Түмэн улсын цагаан хэрмээс нааш Төө газар ч Монголынх гэж Тархсан Монголын хязгаараа эзэнтэй байлгах гэсэндээ Тасарсан цусан холбоогоо утгатай байлгах гэсэндээ Тэнгэрийн луу газрын гамшиг Хятад их түмэнтэй Тэнхээ мэдэн тэмцэж тусгаар оршсоор байгаа Өмнө монголын зон минь Вольга мөрний эрэгт эзэн суусан түүхтэй Монгол зондоо зүтгэж хүйс тэмтрүүлсэн домогтой Идшийн голын хөндийд эсэн ирэгсэд суурьшсаар Дөрвөн зууны тэртээгээс дөрөө харшуулан санаашрах Санах санааны үзүүр Бодох бодлын хэлхээс Халимаг монгол зон минь Чингис богд эзний чин шударга баатар Цэгц үнэний гэрч Сүбэдэй баатарын удам Хойд хилийн хязгаарыг үе дамжин хамгаалсан Хорин нэгдүгээр онд хошлон гэрээ хураалгасан Хотол зон олноороо хамар ихтийн зарц болсон Урианхай их баатруудын маргашгүй үрс Ухаан төгөлдөр, удам тунгалаг Тува монгол зон минь, Урвая гэсэндээ урваагүй Үлдэе гэсэндээ үлдээгүй Хэлье гэсэн ч хэлээ мартсан Дурсая гэсэн ч өвгөдөө хядуулсан Дэлхийн газрын зурагт дүрс нь үгүй болсон Дээлтэй хатаж, нартай хатаагдсан Жинжиан монгол зон минь, Адгийн Афганид адлагдаж байгаа Иран Пакистанид тарж суурьшсан Арван гуравдахь зууны түүх Алсад томилогдсон хүлэг их баатарууд Одоо цагт ч өглөө болгон Монголынхоо зүгт залбирч “Омог их баатрууд минь Нэгэн өдөр ирж биднийг чөлөөнө” хэмээн Үрс ач, дүү нараа зоригжуулдаг Элэг эмтрэм түүх, найман зууны ганцаардал “Үхэж эс болно” гэсэн Үнэн ганцыг харуулсан Хазаар монгол зон минь, Та бүхэндээ Бэл нимгэн ч түүх арвин Бэлчээр жижиг ч санаа уудам Өргөн дэлгэр Азийн зүрхэн дэх бүрэн эрхт Тусгаар тогтносон Монгол улсын иргэд мэндчилж байна ... Улиран байгаа цаг бүхэн угтаж баярыг тээж ирнэ гэдэгт итгээрэй Үдэн буй ирэн бүхэн ухаарал үлдээж одсон гэдэгт найдаарай. Хаврын урь орох тэргүүн сарын шиний нэгэнд Хамаг монгол цэцэглэж өлзий учрал бүрэлдэг Халх, Ойрад, Буриад, Дөрвөдөөрөө талцаж Хагарлын үрийг таригч өмнө их хөршийн санааг Халх монгол Хамаг монгол зон хан буурал өвгөдийнхөө Гүн их ухаанаар ялах болтугай. Ирж буй ам цагаан хулгана жилд Элгээрээ энх бүрэн байж Төрлөөрөө түвшин амар амьдарч Дотоодын зөрчил, төрийн хямрал Ястан гарлын зөрөлдөөнгүй болж Дэлхийн цэнхэр оронд долоон зүгт Тархсан цусны минь тасархай Элэгний минь эмтэрхий Монгол зоноо баярлуулахсан. Бид хүчирхэг байх аваас Монгол зон омогшин баярлана, Бид хүчгүй байх аваас Монгол зон уусан устана. Үрт хүн үеэрээ, Үндэст мод жимсээрээ дэлгэрэхийн алдраар Бид, өнөөгийн Монголчууд, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол улсын иргэн бүр 7 зууны тэртээх Монгол их зоны түүхийн хэлхээ амьд гэрч гэдгийг үргэлж санаж, дэлхийг бодсон Монгол эрсийн цус боогдох учиргүйг дээд тэнгэр гэрчилнэ гэдэгт итгэж яг энэ өдрөөс Монгол хүн бүр ёст гарлаа үл хамааран ахан дүүсийн сэтгэлээр эвлэлдэн нэгдэх болтугай ...
|
||
<Буцах> |
||
Home | Campaigns | News | Links | About Us Copyright © 2006 Lupm.org, Allrights |