Миний өчил Д. Мөрөн |
|
|
(Өвөр Монголын цогтой тэмцэгч Д.Мөрөн хятадын эрүү шүүлт мөрдлөгөөс зугтаан
Швэдэд дүрвэсэн боловч тэндээ цаг бусаар нас барсан билээ.Түүний үхэл тодорхой
бус ч мянга мянга эх орончдыг төрүүлсэн юм)1964 онд Өвөр Монголын Сөнөд хошуунд
эцэг Даваасамбуу, эх Бадамлянхуагийн ууган хүүхэд нь болон төрж, хөдөө байдаг
нагацынд өсөн 1971 оноос эхлэн бага дунд сургуульд суралцан нэг жил багшилж,
1983 оноос Хөх хотноо их сургуульд түүхийн мэргэжил эзэмшээд хошууныхаа хууч
дурсгалын газар даргаар ажиллажээ. 1987 онд бүх Өвөр Монголыг дугуйтай 5000 км
аялж, Өвөр Монголын нэн шинэ түүхийн ном бичиг цуглуулж, дараа нь Бээжин Гуанжау
хүртэлх 4000 км- ын дугуйн аялалд оролцон, Өвөр Монгол ба Хятадын өнөөгийн
байдлыг өөрийн нүдээр үзэж ойлгож мэдсэн байна. 1989 оноос “Монгол улсад
Монголын эрх чөлөөний хөдөлгөөн” сэдвээр эрдмийн ажил хийж байсан.
Салан тусгаарлаж байгаа Өвөр
Монгол
Би аль нэг улсын харьяалалгүй
ч Монголын төлөө зовнидог
Монголоос ирсэн нууц баримт
бичиг
Тогтох, Гаадаа мээрэн, Дамдинсүрэн, Утай, Хайсан, Бавуужав, Мэрсэ, Дэмчигдонров нарын олон монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо олон улсын хууль зүйн дагуу бүрэн сэргээх гэж цогтой тэмцэж амь биеэ зориулсан хэдий боловч цагийн ороо бусгаад том гүрний жанжлах бодлогын хоморгонд өртөн сүйджээ. Япон мөхөж, Хятадын гамингийн засаг сүйрч байхыг завшиж Хятадын Коммунист Нам(ХКН) Өвөр Монголын үндэсний эрх ашгийг худалдагчид болон тухайн үеийн цагийн ороо бусгаагаас болж, Хятадын удирдлагын хуурамч бодлогод төөрөгдөн 1947 онд Өвөр Монголын өөртөө засах орон (ӨМӨЗО) гэгч нэрийн төдий муж улс байгуулжээ. Энэ жил ӨМӨЗО байгуулагдсаны 50 жилийн нүүр үзэж байгаа дашрамд мунхаг би өөрийн хайрт эх орон Өвөр Монголынхоо 50 жилийн турших ХКН-д хэрхэн боолчлогдон колончлогдож байгааг түүхэн үнэн бодит баримтаар дэлхий нийтийн эрх чөлөө, шударга ёс, ардчиллыг дэмжигч иргэдийн сонорт хүргэхийг хүсч байна.
Үүний тулд: Америкийн хүний эрхийн
байгууллагаас 1991, 1992 онд гаргасан “ Салан тусгаарлаж байгаа Өвөр Монгол”, “
Салах тусгаарлах нь үргэлжилсээр байгаа Өвөр Монгол”, Дэмчигдонровын “ Уригдаж
очоод баривчлагдсан өнгөрөлт” хэмээх дурсамж, Өвөр Монголын Залуучуудын төвийн
уриалга болон миний зарим бодитой баримтад тулгуурлан бичсэн өгүүллийг энэхүү
товхимолд оруулав. Мөн Зостийн чуулганы Алтаагийн 1926 онд зохиосон “Дотоод
Монголын зовлонт байдал” хэмээх баримт хэдийгээр ӨМӨЗО байгуулагдсанаас өмнөх
учир боловч Хятад цэргийн эрхтэн, гамин, ХКН- аас Өвөр Монголд бүгд л адил
дарангуйлан колончилж, нутаг усыг минь эзлэн, хүн амыг минь нядах бодлого
хэрэглэж байсан гэдгийг харуулах зорилгоор уг зохиолыг нэгтгэв. Монголын цэцэн
үгт “ Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг учир
колончлогдон хятадчлагдаж байгаа Өвөр Монголчуудаа өмгөөлөн гал голомт эх орон
Монгол улсын чөлөөт оюутнуудын “ Хунтайж Дэмчигноровын нийгэмлэг”- нхний
эсэргүүцэл гарган бодитой туслалцаа үзүүлсэнд элэг нэгт Өвөр Монголчуудынхаа
нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Дэлхийн эрх чөлөө, шударга ёс, ардчиллыг
дэмжигч, засгийн газар, олон нийтийн байгууллага, ард иргэддээ Өвөр Монголын
гунигт байдлыг анхаарч, халамжлан дэмжиж байгаад бид үнэн зүрхнээсээ баярлаж
байна. Эцэст нь тэмдэглэхэд энэ хорвоод бид бүхэн зуу хүрэхгүй насалдаг билээ.
Тиймийн тулд хүн хүнээ хайрлаж явъя. Миний энэ ном Хятадын ард түмэнд чиглээгүй,
Хятадын ард түмэн өнөөдөр эрх чөлөө, шударга ёс, ардчиллыг дэмжиж байгаа
шалтгаанаар шоронд үй олноороо хоригдсоор байна.ТиимээсХКН- ын ноёрхолд байгаа
Төвд, Монгол, Уйгар, Хасаг, Солонгос, Хотон, Хятад зэрэг үндэстэн бид эрх чөлөө,
хүний эрхийн төлөө хамтаар тэмцэж, сайн сайхан хүмүүнлэг нийгэм байгуулахын
төлөө хамтаар тэмцэн сайн сайхны төлөө мөр зэрэгцэн зогсоцгооё. Бид бүхэн
шударга ёс, үнэний төлөө тэмцэж байгаа тул амжилт олох нь дамжиггүй. Сайн үйлс
дэлгэртүгэй.
Ачит уул болбоос эрт цагт энд мангас үүрлэж байсан учир Чингис богд энэ уулыг алс холоос эрдэнийн сумаар харваад мангасийг алж ард зоныг амаржуулан угийн шовх уул нь тэмээний хоёр бөх мэт болсон гэж настайчуул хуучилдаг. Миний нагац өвөө хөдөөний малчин хүн тул би бараг бага насаа тэднийд өнгөрөөжээ. Тэнд хурга тугал хариулж монгол амьдралаа мэдэж эхэлсэн. Малчны амьдрал гэгч аль бүхнээ өөрийгөө хангадаг. Тэд хонины ноосоор эсгий хийж гэрээ барьж, дэвсгэрээ дэвсдэг. Мах сүүг нь идэж уудаг. Сүү нь олон зүйлийн хэрэгцээтэй. Хурууд зөөхий хийдэг бөгөөд бас архи нэрж болдог. Хонины аьсаар хувцас гутал хийнэ. Эмээлийг бас дэр хийж унтдаг. Нэг үхрийн махыг хатааж нүдвэл давсаганд нь багтчихна. Түүнийг монголчууд эрт дээр үеэс аянд авч явдаг байжээ.
Миний өвөө надад ингэж хуучилсан нь ерөөс сэтгэлээс гардаггүй юм. Бидний өвөрлөгч нар эмээлээ заавал хойш хандуулж тавьдаг. Ойрад Монгол нь зүүн тийш, Барга нь баруун, Буриад монгол нь өмнө зүгт хандуулж тавьдаг. Үүний учир нь Монголчуудын сэтгэл нь бүгд өөрийн мандсан газар Чингисийн шарил байдаг Бурхан Халдун уулыг чиглэдэг бөгөөд хэзээд эзэн Чингистээ үнэнч гэсэн утгатай. Бага насанд болсон явдлуудаас миний сэтгэлд мартагдашгүй ул мөр үлдээсэн хэрэг бол хятадууд монголчуудыг хядсан явдал билээ. Тэр үед миний дүү охин нэг настай байлаа. Эцэг эх минь шоронд. Ээж минь хааяа ганц нэг ирээд дүүг хөхүүлдэг. Нэг охин дүү өвчлөөд байхад Маогийн томилсон, монголчуудад туслах гэсэн нэртэй эмч нар муу хүний хүүхэд, улсаасаа урвагчийн зулзага гээд хорт зүү тавин алав. Ой өнгөрч байгаа хүүхэд ямар ялтай бол? Миний эцэгтэй хамт ажилладаг монгол улсад сургууль төгссөн эмэгтэй багшийг монголын тагнуул хийсэн баримтаа гарга гэхэд угаас түүнд тийм баримт байхгүй тул эхлээд хятад эмэгтэй Ху овогт дараа нь бусад алан хядагч нар түүний бэлэг эрхтнийг нь олсон дээсээр хөрөөдөж дараа нь бэлэг эрхтэнд нь цаасан буу тавьж алсан байлаа.
Миний япон хэлний багш Дэлгэрцогт гэж 40- өөд оны үед Японд сургууль төгсөөд доцент байсан хүн Өвөр Монголын залуучуудын соёл боловсролыг дээшлүүлье гээд нутагтаа ирсэнд авгайг нь суугаа болгож, ганц хүүг нь мэдрэлийн өвчтэй болгоод зогссонгүй өөрийг нь хүнд гэмтээжээ. Миний эцэг надад хэлэхдээ: Дэлгэрцогт багш болон энэ олон хүний яахыг чи нүдээрээ харсан биз. Хэрэв чамд ХКН- ын дэглэмээс мултарч өөр оронд очих завшаан олдвол өвөр монголын үнэн байдлыг дэлхий нийтэд ярихаа бүү март гэсэн. Ээж минь багш байсан учир би 6 настайгаасаа эхэлж ээжийн заадаг ангид хичээл сурч эрдэм номын анхны босгыг алхлаа. Миний үед монгол сургуулиуд хаагдаад дахин сэргээж байсан учир сурах бичиггүй тул сургуулийн багш нар өөрсдөө монгол сурах бичиг зохиож дармалдаад хүүхдүүдэд хичээл заадаг байлаа. Монголчуудыг хядаж байсан үед Монголын хэдэн мянган жилийн соёлын өв талхигдан шатаагдаж сүм хийд бүгд эвдэгдэн нэг үгээр хэлбэл хятадын эрхшээлд байсан бүхий л монголчуудад нөхөж болшгүй гай авчирсан нь түүхэн үнэн юм. Монголчуудын 5 хувь нь хядагдаж, 40 хувь нь эрэмдэг зэрэмдэг болсон байна. Цаг хугацаа өнгөрсөөр 1976 он би хошууны дунд сургуульд дэвшин суралцах болов.
Үүнээс хятадын дээд зиндааны дотоодын зөрчил хурцадсанаар их сургуульд оюутан шалгахдаа эрдэм соёл мэдэх эсэхийг нь хамаарахгүй намдаа үнэнч эсэхийг нь шалгаж, шалгуулахдаа тухайн үеийн сонин хэвлэлээс хуулж оюутан болдог инээдэмт явдал байсан. Дунд сургуулийн анхны 3 жил миний нүдийг нээсэн билээ. Тэр үед унших ном ховор байсан боловч хааяа номын дэлгүүрт гарсныг эцгээс мөнгө гуйн авч уншдаг байв. “Марк Полын үлгэр” нь надад маш сонин санагдсан. Үүнээс би монгол гэдэг чинь буурай үндэстэн биш маш хүчирхэг үндэстэн байсан гэж мэдсэн. Ринчин гуайн “Үүрийн туяа”, “ Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “ Заан залуудай” зэрэг номыг хүнээс зээлж олонтаа уншдаг байлаа. Эдгээр номоос Монгол улс байна гэж мэдэв. Мөн Хятадын “Гурван улсын үлгэр”, Баруун тийш зорчсон тэмдэглэл”, “Сүй хүүгийн үлгэр” нь сонин санагдсан.
Дунд сургуулийн 9 –р ангиас эхлэн би Хөх хотод байдаг авга аав, нэрт орчуулагч, зохиолч, тольч Содбилэгийн тусламжаар Хөх хотын монгол сургуульд суралцсан нь хөдөө байдаг надад том хот гэдгийг мэдэж хөдөө хот хоёрын ялгааг мэдрэхэд дөхөм болов. 1981 онд Улаанцав аймгийн төвд би их сургуульд шалгалт өгөх гэж бэлдэж байх үед Хөх хотод монгол оюутнуудын цуглаан хичээл хаялт болж ХКН- аас Өвөр Монголын тухай гаргасан маш нууц баримт илрүүлэн эсэргүүцэв. Баримт бичигт, Өвөр Монголд их хэмжээний нүүдэлчин ардыг оруулж Монгол нутгийг тариалан болгох, монгол оюутнуудыг цөөрүүлэн, Монгол дарга нарыг буулгах зэргийг заажээ. Монголчууд 1969 онд үй олноор хядагдсан арилаагүй тул бүх Өвөрмонгол даяар босож, үндэстнийхээ ирээдүйн төлөө санааширсан билээ. 17- той би бүх сургуулийн хүүхдүүдээс оюутан ах эгч нараа дэмжин мөнгө цуглуулж Хөх хотод аваачиж өгөөд, оюутны хөдөлгөөний удирдагчын нэг Билгүүндалайгийн Тэмцэлт болон түүний журмын нөхөдтэй уулзаж, оюутны хөдөлгөөний тухай ойлгон, тэд нараас сонин хэвлэл авч ирсэн бөгөөд Бээжингийн засагтай хэлэлцээ хийх оюутнуудыг аймгийн төвөөр өнгөрөхөд хятадын засагтай хэлэлцээ хийх оюутнуудыг дагуулан галт тэрэгний буудалд арван жилийн мянга гаруй хүүхдүүдийг дагуулан очиж тэд нарыг дэмжин нэг өдөр цуглаан жагсаал явуулав.
1982 оноос эхлэн хошууны Өргөн тал сумын сургуульд багшлав. Манай монголчууд дэлхийн хэмжээнд бүү хэл Хятадаас олон талаар хоцорч, манж хятадын олон талын хорт бодлогоос ямар ч тэмцэх зориггүй ёстой Д. Нацагдоржийн “Хуучин хүү” болцгоожээ. Ай даа, Чингисийн Монголчууд ийм болно гэхэд зүрх шимширнэ. Нэг жил багшлаад Хөх хотноо их сургуульд түүхийн мэргэжил эзэмшсэн билээ. Түүх сурсан шалтгаан нь миний өсч бойжсон Сөнөд баруун хошуунд 20- р зууний үед Дэмчигноров гэж даяанд алдаршсан, Монголын эрх чөлөөний цуут тэмцэгч байсан бөгөөд нутгийн настайчуудаас түүний тухай сонсож гүн суудал өгсөн билээ. Мөн Чингисийн үеийн Монголын түүх, Манж Хятадад колончлогдон явсан хар цагаан түүхийг мэдэж ард иргэдээ ухааруулах замыг эрэлхийлье гэж бодож билээ. Их сургуульд байхад нэг удаа Монгол Хятад оюутны хооронд зодоон болов.
Шалтгаан нь Билгийн 8 сарын 15- ны шөнө Хятад оюутнууд уламжлалт заншлаараа илээр тарвас дээр монгол хүний толгой зурж түүнийг шөнийн 12 цагт сар харан хагалав. Энэ нь Хятадууд Их Юань улсыг мөхөөж Монголыг дийлсэн гэж тэмдэглэдэг уламжлалт баяар нь билээ. Үүнд монгол оюутнууд хятад оюутны толгойг чулуугаар хагалж, та нар бидний толгойг зурж хагал, бид та нарын жинхэнэ толгойг хагална гэж зодоон үүсээд эцэстээ сургуулийн захирал хоёр талыг ятгаснаар энэ хэрэг түр намджээ. Би өглөө 7 цагт номын санд сууж, орой 11 цагт номын сангаас байрандаа харьж ирээд ном уншдаг байсан бөгөөд олон улсын түүх өнөөгийн байдал ирээдүйн тухай нэн ялангуяа Монголын тухай гарсан аливаа ном зохиолыг амтархан уншдагсан. Хятадын өнөөгийн засгийн газар 1949 онд эрх барьсны дараа ерөөс монголчууд болон үндэсний цөөнхийг итгэдэггүй. Өвөр Монголыг ХКН- д худалдсан Улаанхүү шиг хүнийг хэн ч итгэдэггүй бөгөөд шоронд хорих цагтаа хорьж үй олон ХКН- д үнэн сэтгэлээсээ зүтгэсэн монгол хүмүүс алагдах нь алагдаж, зэрэмдэг болох нь зэрэмдэг болж байв.
Дэмчигноров Гоминданы засгийн газраас Өвөр Монголыг холбооны улс болгохоор гуйсан нь бүтсэнгүй. Мөн Япон ч үнэн сэтгэлээсээ Монголыг дэмжсэнгүй. Америк цаг алдаж, Орос Хятад хоёр Монголыг хувааж эзэмших гэсэн олон шалтгаанаас Өвөр Монголыг жинхэнэ дэмжих улс гэж байгаагүйгээс болж Хятадын КН завшиж, Өвөр Монголыг өөртөө засуулан хэзээ улс болъе гэвэл тэр цагт чинь улс болгое гэж хуурч мэхэлсэн зарим монгол сэхээтнүүд эрх чөлөөний удирдагчид төөрөгдөж Өвөр Монгол нь ХКН- ын өөш болжээ. Хятадын КН эхний үед Монголыг хуурахын төлөө ихэд сайн санаа гарган мэхэлж Өвөр Монголд бүрмөсөн эзэмшлээ олмогц тэдний үнэн дүр нь илэрч, Өвөр Монголын сор нь болсон сэхээтэн ард олныг хядсан байлаа. Тиймээс хэзээ ч гэсэн Монгол болон ХКН- ын хооронд арилшгүй зөрчил болжээ. Тэд цэвэр хятад хүнээ Монгол бичигт сургаж, 3 их сургуульд монголчуудыг дарах хянах хүмүүсийг бэлдэж хилийн чухал боомт газар томилон ажиллуулдаг. Эдгээрээс Монголд суугаа хятад хүмүүс, монголоор харин сайхан ярьцгаадаг. Үнэндээ ХКН- ын хэлдэгчлэн үндэстэн бүхэн адил тэгшхэн гэдэг үзлийг авч үзэх юм бол хятад монгол хэл тэгш хүн Өвөр Монголд олон байдаг.
Яагаад тэднийг хэрэглэдэггүй юм бэ гэвэл гагцхүү нэгэн шалтгаан нь тэд нар монголчууд болохоор итгэж болдоггүй. Өвөр Монгол хэдийгээр өөртөө засах орон гэдэг боловч ХКН- ын Өвөр Монголын хороо нь Өвөр Монголын бүгд эрхийг барьж түүний нэгдүрээрээс эхлээд олонх нь хятад хүн байж, угийн Өвөр Монголын дарга Улаанхүү монгол хэлээ ч мэддэггүй, түүний хүү одоогийн засгийн газрын дарга Бөхөө ганц ч монгол үг мэдэхгүй, ер нь тэд нарын түүхийг сөхвөл монгол мөн эсэх нь сэжиглүүштэй. Хятадаас Өвөр Монголыг үе залгамжлах аргыг сонсож тэд нар ч хялбар боолчлох хүмүүсийг хэрэглэн монголчуудыг дарж үргэлжлэн боолчилсоор Улаанхүү, Бөхөө мэтийнхнийг хэзээ ч шоронд хийхэд бэлэн бөгөөд хийж байсан. Бөхөө 1969 онд Хөх хотын гудамжаар цаасан малгай өмсөж “Би бол монголын залхай Улаанхүүгийн нохойн гуяа” гэж хацраа алгадаж явсан билээ. 1981 онд өвөр Монголын оюутны хөдөлгөөний үед Бөхөө, Батбагана нарын гэрт тагнагч машин тавьж байсан бөгөөд дараа нь тэд нартаа мэдэгдэж ихэд айлгасан билээ. Саяхан Өвөр Монголын хүний эрхийг хамгаалах хорооноос гаргасан бичиг баримтад 40 гаруй жилийн туршид хятадад хядагдсан монголчуудын тухай сэтгэл түгшээсэн тоо баримт гарлаа. 1947 онд 12000 алагдав.
1948 – 20 000 1953 – 10 000 1957 – 6000 1968- 1969 онуудад 45 953 хүн алагдав. Мөн 79 000 хүн тахир дутуу болов. 1970- 1990 онуудад 7000 хүн алагдав. 1991 онд шоронд 50 гаруй хүн, гэрийн хорионд 400 гаруй хүн байна.
Дээрхи баримтаас өвөрлөгчид ХКН- д боолчлогдсон 45 жилийн турших үеэс хамгийн харамсалтай нь 1969 оныг бид бүхэн мэдэж болно. Тэр үед монголоор хичээллэж байсан бүх их, дээд, дунд сургууль тараагдан монгол хэл, бичиг үсэг, зан заншил хэрэглэгдэх нь цаазтай, монголын зан заншил, түүх соёлын бүх ном бичгийг шатааж устгаж болох бүхнийг устгасан. Монголын эрт язгуураас амьдарч ирсэн нутаг анжисны хошуунд сэндлэгдэн, Өвөр Монголыг 6 хэсэгт хуваан Хятад мужид тараагаад малчид мал хариулах бэлчээргүй амьдрал хүнд хэцүү үе байсан. Тэр үед эцэг минь хорих газарт явж, ээж минь сумын хорих газарт байлаа. Балчир бага бид хөрш айлын хүүхэдтэй хамт элдэв бусын юм идэж амь зуудаг билээ. Заримдаа үхсэн шувуу, малын мах шарж иддэг байсан.
Миний нэг дүү бага байж, орон дээрээс ойчин унаад нүд муутай болж билээ. Хятадаас монголчуудад тулгаж байсан фашист эрүү тамыг тоолж нэрлэхүйеэ бэрх. Жишээ нь: цахилгаан гүйлгэх, аманд нь хүний ялгадас цутгах, хэл дээр нь зүү шивэх, үсэнд нь тос цутгах, шархыг нь маажих, цам цамнуулах, халуунаар хавсаргах, улайссан галын хажууд удаан зогсоох, эрхий хуруунаас нь дүүжлэх, амьдаар нь булах, үргэлжид зогсоох, халгай бургасаар гуядах, өдөр шөнөгүй хүлэх, модон орон дээр 4 мөчөөс нь татан хүлж гавлах, нүүрсний гал дээр бөхийлгөн шарах, залгаагаар ус уулгах, нүүрсний цог дээр хөл нүцгэн гүйлгэх, хүзүүнээс нь хүнд юм дүүжлэх, нүцгэлэн ус цутгаж гуядах, тахимд нь мод хавчуулан хэдэн хүн ээлжлэн гишгэх, эмэгтэй хүний бэлэг эрхтэнд цаасан буу тавих, том дээсээр бэлэг эрхтнийг шөргүүлэх хөрөөдөх, олон хүн хамтаар хүчиндэх, амьдаар нь гэдсийг нь гаргах, арьсыг нь өвчих, нүдийг нь ухах, чихийг нь огтлох, шүдийг нь сугалах, хурууг нь тайрах, толгойд нь хадаас хадах, эрэгтэй хүний бэлэг эрхтнийг огтлох, хумсыг нь сугалж авах зэрэг орчлонгийн бүх эрүүг амсуулан “Өвөр ардын нам”, “Дугуй нам”, “Залуусын нам”, “Нэгдмэл нам”, “Найрамдал нам”, “Соёл нам”, “Ардчилсан нам”, “Өвөр ардын эвсэл”, “Улаан булан нам”, “Тусгаар нам”, “Зүйтэй нам”, “Элсэн нам”, “Цэвэгжавын нам”, “Цогбадрахын нам”, “Бургасан нам”, “Архичин нам”, “Хүүхэнчүүд нам”, “Хомоол нам”, “Аргал нам”, “Чимэглэл нам” зэрэг зохиомол намд тулгаж монголчуудыг хядаж байжээ.
ХКН монголчуудыг юунд ингэтлээ хорсон алж хяддаг юм бэ гэвэл тэд монголчуудыг алж дуусчихвал урт цагаан хэрмээс хойших өргөн уудам нутгийг эзлэн эзэн Чингис Богд Тэмүүжиний монголын үрс садандаа өвлөсөн аваад баршгүй их баялгийг олоход оршино. Монголчууд харин ХКН болон хятадын ард түмнийг ерөөсөө ад үзээгүй дэлхийн ямарваа нэгэн орны ард түмэн хоорондоо найрсаг эрх тэгш байх нь хүн төрөлхтний зүй ёсны тогтолцоо мөн билээ. Тэгвэл ХКН яагаад зэрлэг балмадаар монголчууд болон үндэстний цөөнхийг алан хяддаг юм бэ? Монголчууд биднийг гахай шиг ингээд хашаанаасаа гаргахгүй гэж бодоо юм болов уу? Тэд Өвөр Монголчуудыг гахай шиг идээд дуугарахгүй байхыг зорьдог билээ. Би 1987 оноос эхлэн хошууныхаа түүх бичих газарт нэг хэсэг хугацаанд ажиллаж билээ. Залуу хүн дэвшие гэвэл намын даргатайгаа хувийн харилцаагаа сайн байлгах хэрэгтэй. ХКН- д орчихвол товчоон дарга болоход нэг алхам ойртоно гэсэн үг. Товчоон дарга болчихвол шинэ байранд орж албаны унааг хувийнх шигээ аминдаа хэрэглэж болно. Улсын мөнгийг аминдаа ашиглаж хууль цаазын гадна байдаг.
Хууль бол ард түмэнд л хэрэглэгдэхээс биш том дарга нар хуулийн хүрээнд байдаггүй. Өвөр Монголд 1969 оны хядлагыг Мао Зэдун Жоуэнлайнгийн удирдлагаар шууд биелүүлэгч Тэн хайчин одоо болтол өндөр зиндааны удирдлагад байдаг. Дарга нарын хүүхэд ч хүн алах, хүчиндэх, дээрэмдэхэд хөнгөн шийтгүүлэх буюу огт шийтгүүлдэггүй. ХКНамын гишүүдийг өнгөн дээр нь үзэхэд их дөлгөөн, ямбатай мэдлэгтэй юм шиг байдаг, үнэндээ энэ нь хуурмаг нэг үгээр хэлбэл манжийн үеийн монгол ноёд билээ. Өнөөдрийн Өвөр Монголын ард түмэн ХКН- ын чанга хяналт ба түүний гар хөл бологч монгол дарга нарын дарамтанд байдаг. Би тэдгээр монгол дарга нарыг хараад гайхдаг. Тэд машин шиг төв орноос ямар нэг материал зааврыг уншин доорх хүмүүстээ дамжуулдаг. Өөрөө өчүүхэн ч эрхгүй бөгөөд бодол санаагаа хэлж болохгүй. Ардын депутатад сонгохдоо ямар ямар нөхцлийг бүрдүүлсэн хүнийг сонгох хэрэгтэй гэдгийг дээрээс зааж тэр хүн нь сонгогддог. Өвөр монголын монгол хүн үг хэлэх эрхгүй зөвхөн хятадын коммунист намд зүтгэвэл зүгээр шиг амьдарна. Бид ингэж амьдраад ямар хэрэг байна вэ? Энэ нь хүний амьдрал мөн гэж үү? Би 1987 онд 2 сарын хугацаагаар Өвөр Монголын баруун захын аймаг Алшаа аймгийн төв Баян хотоос эхлэн Утай хот, Баян нуур аймаг, Бугат хот, Их зуу аймаг, Хөх хот, Улаанцав аймаг, Шилийн гол аймаг, Улаанхад хот, Жирэм аймаг, Хянган аймаг, Хөлөн буйр аймаг зэрэг бүх Өвөр Монголын 8 аймаг, 1 хот, 50 гаруй хошуугаар 5 мянга гаруй км дугуйгаар аялж Өвөр Монголын үнэн байдлыг нүдээр харж шинэ түүхийн ном материал цуглуулсан билээ.
1990 онд Бээжингээс Гуанжу хүртэл бүх Хятадын хойноосоо өмнө хүртэл 4 мянга гаруй км дугуйгаар аялж Хятадын өнөөдрийн байдлыг үзлээ. Энэ нь феодалжсан үе угсаа залгамжлагч Манжийнхтай адилхан ХКН- ын төр засагт амьдрах ажиллахад намайг улам дургүй болгосон. 1987 онд эцэг минь 1969 оны хоригдлын шархны улмаас хүндээр өвчилж нас барж, ээж минь тэр жилийн шархнаас болж мэдрэлийн өвчтэй болсон. Би Хятадад байвал бүгдээрээ дуусах юм байна гэдгийг ойлгосон. Бид хүн юм бол бусад ард түмний нэг адил шударга ардчилсан нийгэмд амьдрах хэрэгтэй. Гэтэл хятад шиг идэж ууж, тэдний хэлдгээр байж болдоггүй, чөлөөтэй үг хэлэх, цуглаан, чөлөөт өрсөлдөөнд орох эрхгүй байна. Энэ нь хүний амьдрал мөн гэж үү? 1987 онд Шилийн голын Баатар, Улаангэрэл нар өвөр монгол хүний эрх хамгаалах хорооны нэрийн өмнөөс НҮБ- д Өвөр Монголд хүний эрх дээд зэргээр зөрчигдөж байгаа байдлыг мэдээлэх зорилгоор, улс төрийн орогнол хийхээр монгол улсад ирснийг тухайн үеийн коммунист систем давамгайлсан хүний эрх, ардчилал, шударга ёс, үндэс угсаа гэж мэддэггүй МАХН- ын засаг Хятадад буцаан өгсөн нь НҮБ- ын зарчимд харш бөгөөд дэлхий нийтийн наад захын хууль зөрчжээ. Тухайн үед Өвөр Монголд Монгол улсад дургүйцсэн яриа ихээр дэлгэрсэн бөгөөд Монгол туургатны шүтээн гал голомтыг хамгаалагч Монгол улс маань элэг нэгтэндээ ингэж хандах нь уу? Энэ жил ХКН- ын Өвөр Монголын хорооноос дахин маш нууц 13 тоо бичиг баримт гаргаж, Монгол улсын тухай хэвлэл ном нэрийдлээр олон оюутан, залуу сэхээтэн баривчлагдаж, олон хүнийг гэрийн хорионд аваачсан нь дахин 1969 оны харамсалт хядлагыг санагдуулж байна. Энэ хэргийг гадаадын сэтгүүлч, хүний эрхийн байгууллага нааштай үзэж, хэвлэл мэдээллээр мэдээлэн Америкийн ХЭБайгууллага 36 хуудас товхимол гаргасан нь ХКН- д бага ч гэсэн дарамт болж гадаадынхан Өвөр Монголын тухай үнэн мэдээллийг анх олжээ. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдгээр ардчиллын уур амьсгал бялхсан монгол улсын чөлөөт оюуны “Хунтайж Дэмчигноров нийгэмлэг” элэг нэгтэй Өвөр Монголын эмгэнэлт байдлыг хуваалцан Хятадын элчний өмнө хууль ёсны дагуу эсэргүүцэл гарган НҮБ- ын хүний эрхийн холбооныхон Монголд ирэх болтол суулт зарлажээ.
1911 онд олноо өргөгдсөн Монгол улсын хаан Богд Жавзандамба Өвөр Монголыг чөлөөлөхөөр цэрэг томилсноос өнөө болтол 80 жилийн нүүр үзлээ. 1945 онд Зөвлөлт Монголын цэрэг Өвөр Монголд ороод тэдний зэвсгийг хураан Хятадын 8 замын цэрэгт өгч өөш болгосон харшилт түүх болон Өвөр Монголын эрх чөлөөний төлөө гарамгай тэмцэгч цуут хүн Дэмчигноровыг Монголын асуудлыг хэлэлцэе гэж урьж авчраад Хятадад буцаан өгсөн бөгөөд өдий төдий нэрт сэхээтнүүд эрх чөлөөний удирдагчийг хядаж хэдэн зуун мянгаар нь ялтан гэж хятадад хүргэж өгсөн түүхтэй. Тэдний олонх нь шоронд үхсэн нь мэдээж. Элэг нэгт Чингисийн цус махны тасархай 10 сая хүрэхгүй монголчууд бид нэг нэгэндээ тус хүргэхгүй юмаа гэхэд чичлэхгүй баймаар. Нэг хүн “Өвөр Монголын тухай чиний ярьж байгаа чинь худал биш нь мэдээж, Тэд их хэлмэгдсэн, гэтэл эдгээр үнэн учрыг яриад байх нь таны аминд чинь харш биш үү? Харин үүний оронд сайхан амьдарвал дээр бизээ. Хятад урт гартай яаж ч мэднэ” гэж ярив.
Би гахай нохой шиг идэж уух, өмсөхийн төлөө өчүүхэн хүний амьдрал хийе гэвэл үндэстнийхээ эрх ашгийг Хятадад худалдаад амьдарвал сайхан амьдарч болно. Гэхдээ бид Чингисийн Монгол учраас өөрийнхөө үндэсний эрх чөлөөний төлөө зүтгэх хэрэгтэй биз ээ. Би хайрт Өвөр Монголын ард түмний үнэн байдал 45 жилийн гунигт түүхийн үнэнийг дэлхий нийтийн ард иргэдэд үнэн зөвөөр мэдээлэхийн төлөө дуртайяа хоёр дахь амь насаа зориулна. Би тэд нарын дунд хорин хэдэн жил амьдарсан учир мах цусаараа хятадын ноёрхол дахь тэдний зовлонт амьдралыг ойлгосон билээ. Хорвоогийн түүхийг сөхөхөд 20- р зуунд нэг үндэстнийг хүйс тэмтрэх зорилгоор олон арван мянгаар хядан алж, соёл иргэншилтэй нь булшилсан хэрэг монголчуудаас бусад үндэстэнд цөөн тохиолдсон биз ээ. Өвөр Монголчууд бид эхгүй өнчин хүүхэд.
1911 оноос эхлээд монгол улсад хүчин зүтгэе гээд ирсэн буриад, өвөр монгол,
цахар, барга, ойрад, харчин гээд олон арван хилийн чанад дахь монголчууд монгол
улсдаа хэлмэгдэн мөрдөгдөж ор сураггүй алга болжээ. Өвөр Монголыг БНМАУ- ын
НАХ(Я) хятадын тагнуул гэж, Хятадууд монгол улсын тагнуул гэж Өвөр Монголчуудын
халхын тагнуул болж байсан гэж олон монголчууд надад нүднээсээ нулимсаа
дуслуулан ярьж байсан. Нэг ах надад хэлэхдээ талхгүй нэг хоёр өдөр өлсөхөд
хамаагүй, харин оюун санааг тарчилган зовоож хажуу хавирганы айл хамт
ажиллагчдаар нь хараа хяналтад авч байсан гунигт явдлыг тэр учралыг биеэр үзэж
өнгөрсөн хүн сая ойлгоно гэж билээ. Монголчууд бид нэгдмэл улс байсан түүхээ
сэргээж чадахгүй юмаа гэхэд яагаад бие биедээ тус болдоггүй юм бэ? Хүн
мөнхрөхгүй нь мэдээж бөгөөд зуу хүрэхгүй насалдаг, тэгвэл хүн юунд амьдардаг вэ?
Үндэстэн ястан гэлгүй идэж уухын төлөө гэж үү? Хүн ба амьтны ялгааны нэг нь
өөрийн бодол санаагаа үг хэл, үсэг бичгээр илэрхийлж чаддагт оршино. Модун,
Бөртэ чоно, Чингис, Эсэн, Галдан, Ханддорж, Сүхбаатар, Дэмчигдонров зэрэг
үндэстний төлөө насан эцэстлээ зүтгэгчдийн түүх шастирыг монголын ард түмэн
шүтээн билгэдэд болгодог бөгөөд харийн ард олны хүндэтгэл бишрэлийг олдог. Хүн
төрөлхтний жам ёсоор хүн үхэж 3 дахь удаагаа амьдрах ёстой. Гэхдээ тэр амьдрал
нь бидний амьдарч байгаа ертөнц биш гэнэ. Би хоёр дахь амьдралаа монголчуудын
дунд сонгосон нь зөв гэж боддог бөгөөд өнөөгийн манай үндэстнийг хүнд байдлаас
аврахад өөрийн тоотой хэдэн насаа зориулж чадвал амьдарч явсны хэрэг биелэх нь
тэр.
|
||
<Буцах> |
||
Home | Campaigns | News | Links | About Us Copyright © 2006 Lupm.org, Allrights |